Хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн өчигдөр Монголын Урчуудын Эвлэлийн танхимд нээгдлээ.
Наймдугаар сарын 26-ныг дуустал өдөр бүр 10:00-18:00 цагт тус үзэсгэлэн үнэ төлбөргүй гарч буй тул хүүхэлдэйн уран бүтээлээр дамжуулж өөрийн дотоод “би”-рүүгээ өнгийн харж, тайлагдашгүй нууц ертөнцөд морилон саатахыг урьж байна.
Хүүхэлдэй урлал нь манай улсад 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжиж ирсэн юм. Уг үзэсгэлэнд ирснээр та бүхэн уран бүтээлчийн, уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар модон сийлбэр, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулин суурьт 3D, механик хөдөлгөөнт гэх мэтчилэн өргөн техник технологийн дагуу бүтсэн хүүхэлдэйн бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой.
Мөн нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан уран бүтээлчдийн мастер класс сургалтууд зохиогдож байна.
Сонирхуулахад хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн урлагийн бүтээл нь хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэгдэн ирснээс өдийг хүртэл ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, түүх соёлын илэрхийлэл болох, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүргүүдийг гүйцэтгэсээр ирсэн гэж Монголын Урчуудын Эвлэлээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!