Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй гэх эмэгтэйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд олон нийтийн анхаарлын төвд ороод байна.
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй Ө.Өгөөмөр нэр бүхий амралтын газарт нисдэг тэргээр ирж, салют буудуулан гэрлэх санал авсан бичлэгээ өөрийнхөө Instagram хаягт оруулжээ. Тус үйл явдалтай холбоотой зураг бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тархаад байгаа билээ.
Энэ талаар О.Тэмүүлэн найз бүсгүй Ө.Өгөөмөртөө гэрлэх санал тавихдаа нисдэг тэрэг хөлсөлж Улаанбаатар хотоос 400 гаруй км-ын зайд орших Булган аймгийн Хялганат тосгонд байрладаг "Seven Nuga Resort" амралтын газарт очсон хэмээн хүмүүс цахим сүлжээнд бичиж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос 400 гаруй км-ын зайд орших Булган аймгийн Хялганат тосгон руу нисдэг тэргээр явахад хэр хэмжээний зардал гарах талаар нисдэг тэрэг түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниас тодрууллаа.
Улаанбаатар хотоос Хялганат тосгон чиглэлд нисдэг тэрэг ирж, очиход ойролцоогоор гурван цаг зарцуулах аж. Тэгэхээр Булган аймгийн Хялганат тосгон руу түрээсийн нисдэг тэргийг НӨАТ орсон дүнгээр 9,000 ам.доллар төлж авч явна. Тус түрээсийн үнийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн ханшаар тооцож үзвэл 33.1 сая төгрөг болж байна.
Нисдэг тэрэг түрээсийн үйлчилгээ нь суудлын багтаамжаас шалтгаалан нэг цагаар тооцож үнэ бодогддог. 2-6 хүний суудалтай нисдэг тэрэгний нэг цагийн түрээсийн үнэ дунджаар 3,000 ам.доллар болдог байна. Түүнчлэн "Seven Nuga Resort" амралтын газрын гэр болон байшингуудын нэг өдрийн түрээс 900,000-1,800,000 төгрөгийн үнэтэй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!