Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Жавхлан: Унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх, өглөө сэтгэл түгшсэн байдалтай босох зэрэг нь нойрны эмгэгийн шинж тэмдэг

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нойргүйдэл нь сэтгэл зүй, бие махбод, зан үйлийн зэрэг олон шалтгаанаас үүсдэг. Хамгийн гол нь нар жаргахад амарч, нар мандахад сэрэх нь байгалийн цаг гэдгийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (СЭМҮТ) сэтгэл засалч их эмч Л.Жавхлан ярьсан юм. 

Нойрны хямралын талаар тэрбээр "Хүний бие махбод амрах ёстой горимоор амарч чадаагүйн улмаас

  • хөдөлмөрийн бүтээмж буурах
  • унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх
  • сэтгэл хөдлөл тогтворгүй болох (амархан гомдох, уурлах) гэх мэтчилэн шинжээр илэрдэг. 

Нэг ёсондоо тухайн хүний хөдөлмөрийн чадвар буурч байгаа үзэгдлийг нойргүйдэл гээд байгаа юм. Энэ нь тархи хангалттай хэмжээнд амарч чадаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх, өглөө сэтгэл түгшсэн байдалтай босох зэрэг нь нойрны эмгэгийн шинж тэмдэг. Биднийг унтаж байх явцад тархи, бие эрхтэн бүхэлдээ амарч байдаг. Хэрвээ та тархиа амраахгүй ачаалаад байвал хөдөлмөрийн бүтээмж буурна" гэдгийг хэлсэн юм. 

Мөн үргэлжлүүлэн "Зүйрлэж хэлбэл, дасгал хөдөлгөөн хийж булчиндаа ачаалал өгсний дараа амраах хэрэгтэй байдаг. Үүнтэй адилаар тархиа өдөржин ачаалсан бол шөнөдөө амраах нь зүйтэй. Энэ хэмнэл алдагдвал асуудал үүсдэг. Өдрийн цагаар гэнэт маш ихээр нойр хүрэх тохиолдолд бий. Энэ нь нойрны хямралын нэг төрөл. Тухайн хүний тархи нь бүрэн амарч чадаагүй учраас шууд унтарч байна гэсэн үг. Хүний тархи, бие махбод хэвийн ажиллах чадвараа тодорхой хэмжээнд алдаж байгаа бол энэ нь нэг төрлийн нойргүйдэл гэж ойлгож болно.

Шөнийн нойрыг өдрийн аль ч цагт унтсан нөхөж чаддаггүй.Улмаар хүний бие аажим аажмаар сульдаж ядардаг. Шөнө хүртэл ажиллаа гэдэг яриа залуусын дунд элбэг. Яагаад гэвэл, тухайн хүний бие махбод нь залуу аливаа асуудлыг дааж гарахад тэнхэлтэй байдаг. Гэтэл нас ахих тусам тухайн хүнд сөрөг нөлөөлөл нь илэрч эхэлдэг" гэв. 

Тэрбээр нойрны хэмнэл алдагдахаас сэргийлэх дараах зөвлөмжийг өгөв. 

  • Нойргүйдэлд хүргэж буй шалтгааныг олох. Таныг унтах гээд хэвтэхэд бодолд тань чухам юу орж ирж байна гэдэг чухал. Энэ нь нойргүйдэлд хүргэж байгаа анхдагч шалтгаан байж болох юм
  • Хэрэв бие махбодын зовууриас үүдэн нойрны хямрал үүссэн бол эмийн эмчилгээ илүү үр дүнтэй
  • Сэтгэл санаатай холбоотой бол анхдагч шалтгааныг олж, түүнийг шийдвэрлэх зөвлөгөөг өгсөн юм.
Амьдралын буруу дадал хэвшил, байнгын түгшүүр, санаа зовнил, хөнгөн сэтгэл гутрал зэрэгт хүргэсэн асуудлуудтайгаа удаан хамт явбал тархи нь байнга ажиллана. Унтаж байхдаа хүртэл тархи нь ажиллаад байгаа учраас хангалттай нойр авч чаддаггүй. Улмаар хэчнээн унтсан боловч амарч чадаагүй сэрлээ гэдэг шалтгаан үүсдэг. 
Хүний бие махбод өөрийгөө хамгаалах зарчмаар ажиллах гэж оролддог. Бидэнд ямар нэгэн байдлаар аюултай шинж мэдэгдээд л байх юм бол таныг унтсан ч хамгаалахын тулд тархи ажилласаар л байх болно.
Нойргүйдлээ анхаарахгүй яваад л байвал таны хөдөлмөрийн бүтээмж буурна. Өдөржин ажилласан атлаа гараас юм гарсангүй гэдэг нь үүнтэй холбоотой байж болох юм. Түүнчлэн ямар нэгэн зүйл уншаад дуусгасан боловч юу ч ойлгоогүй байх тохиолдол бий. Энэ бол нойргүйдэлтэй холбоотой. Өдрийн цагаар 15-30 минутын хөнгөн нойр авах нь хүний хөдөлмөрийн бүтээмжид эергээр нөлөөлдөг гэдгийг хэллээ.