Парисын гудамжинд хэсэг этгээд криптовалютын компанийн эзний охиныг хулгайлах гээд бүтэлгүйтжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагийн орой Францын нийслэл Парис хотын зүүн дүүрэгт нэгэн криптовалютын компанийн эзний охин, ач хүү хоёрыг хэсэг этгээд хулгайлах гэж оролдоод бүтэлгүйтжээ.

Цагаан өнгийн микро автобуснаас нүүрэндээ багтай хүмүүс бууж ирээд гудамжинд явж байсан тэднийг хулгайлахыг оролдсон байна.

Эмэгтэй нөхрийн хамт тэдэнтэй зууралдан ноцолдож эхлэхэд гудамжинд явж байсан бусад хүмүүс тусалснаар багтай этгээдүүд зугтан оджээ.

Тэд Францын криптовалютын арилжааны платформ Paymium компанийн үүсгэн байгуулагчдын нэгний охин, хүргэн хоёр байсныг цагдаагийн эх сурвалж мэдээлсэн байна.

Сүүлийн үед Парис хотод криптовалютаар баяжсан хүмүүсийн төрөл төрөгсдийг хулгайлж, барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгаа.

Хэдхэн хоногийн өмнө гэмт хэрэгтнүүд ийм аргаар саятан болсон нэг хүний аавыг нохойгоо салхилуулж явахад нь хулгайлж байв. Гурав хоногийн дараа гарын нэг хуруугаа тайруулсан түүнийг цагдаа нар Парисын нэг дүүргээс чөлөөлж байжээ.

Энэ оны нэгдүгээр сард крипто хэтэвчийн Ledger компанийн үүсгэн байгуулагчдын нэг Давид Баллан гэргийн хамт Парисын төвд оршдог гэрээсээ хулгайлагдаж байлаа.

Хэд хоногийн дараа тэднийг Парисын өмнөд дүүргээс олж аврахад хохирогч бас нэг хуруугаа тайруулсан байжээ.

 

Эх сурвалж: BBC