37 дахь удаагийн гурван өдөр үргэлжлэх “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу номын баярыг тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
Иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатай байна.
Баярын үеэр номын үзэсгэлэн, зохиолч, уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг, борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болно.
Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, баярт дунджаар 300,000 гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болжээ.
Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ нь гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлж, энэ удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцохоор болжээ.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”-д нийт иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг уриаллаа.
Энэ удаагийн номын баярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулах юм байна.
Өмнөх баяруудад Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Турк зэрэг улсын хэвлэлийн газар, утга зохиолын агентлагууд урилгаар оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзалт хийн, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!