Б.Түшиг-Эрдэнэ: Найрамдлын замыг наадмаас өмнө шинэчилж дуусна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажлын явц өнөөдрийн байдлаар 60 хувьд хүрчээ.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Найрамдал зуслан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил 2024 оны есдүгээр сард эхэлсэн, гүйцэтгэгчээр "Билэгт зам" компани ажиллаж байна. Өнгөрсөн онд үндсэн замын дөрвөн километрийг болон "Найрамдал" зуслан доторх хашлага суурилуулах болон замын суурь хучилтыг хийж дуусгасан юм.

Тус замын нийт урт нь Орбит, Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэл 12 километр. Зуслангийн доторх замтай нийлээд нийт 16 километр замын шинэчлэлт хийгдэж байгаа юм.

Энэ жилийн гуравдугаар сарын 16-наас үлдсэн 12 километр авто замын засвар шинэчлэлийн ажил эхэлж тохиромжгүй материал зайлуулах, эвдрэл ихтэй хэсгийн суурийг солих, хашлага суурилуулах, ус зайлуулах хоолой суурилуулах ажил бүрэн дууслаа.

Одоогийн байдлаар зам дагуух 18 байршилд автобусны буудлын хажуугийн зогсоолыг гаргах ажил дуусаж, явган хүний зам тавих, авто замын хажуу налуу, хөвөөн бэхэлгээг хийж байна.

Дараа долоо хоногоос авто замын цементээр бэхжүүлсэн суурийн ажил, гадаргуугийн боловсруулалт хийгдэнэ. 

Төлөвлөгөөний дагуу Үндэсний их баяр наадмаас өмнө 12 километр замын асфальт бетон хучилтыг дуусгаж, зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна" гэлээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Нийслэлээс гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр тус авто замыг шинэчилж байгаа билээ.

Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан ч 46 жилийн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийгээгүй байна.