Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье аяны хүрээнд холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний сав, баглаа боодлын нөөц болон баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлын талаар сэтгүүлчид асуусан юм.
Үүнд "Таван толгой түлш" ХХК-ийн ХМОНХХ-ийн дарга Ц.Чойжилсүрэн "Одоогоор 25 килограмм шуудайн 31 хоногийн нөөцтэй байгаа бол барьцалдуулагчийн 53 хоногийн нөөц байна. Мөн мидлингийн 185 тонн нөөцтэй үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 92,000 тонн нөөц байна. Түүнчлэн агуулахад 130,000 тоннын нөөц бэлдсэн бөгөөд 92,000 тонныг нь агуулахуудад хуваарилан байршуулсан.
Баруун бүсийн үйлдвэр дээр нийт долоон шугам ажиллаж байгаа. Энэ үйлдвэрийг нүүлгэх асуудлыг холбогдох яам шийдвэрлэнэ. Өмнө нь 12 шугам ажилладаг байсныг цөөлж, зүүн бүсийн үйлдвэр дээр хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллаж байна" хэмээн хариуллаа.
Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо (ОББҮХ)-ны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзул "Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд болон ОББҮХ-ны дарга нар баруун бүсийн үйлдвэрийг зогсоох шийдвэр гаргасан. Ингэхдээ үе шаттайгаар зогсоохоор төлөвлөж байна. Тодруулбал, баруун бүсийн үйлдвэрийн 12 шугамаас долоо нь ажиллаж байна. Ирэх оны дөрөвдүгээр сард баруун бүсийн үйлдвэрлэлийг зогсоох ёстой юм. Одоо байгаа шугам дээрээ сайжруулалт хийж, үйлдвэрлэлийг явуулж байгаа гэсэн үг" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|