Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Атомын цахилгаан станц руу буудаж буй Оросын цэргүүдийг “тусгай бай” болгож байгаагаа Зеленский зарлав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Европын хамгийн том гэгддэг Запорожийн атомын цахилгаан станцын нөхцөл байдал тун эмзэг болоод байна.

Украин, Оросын талууд станц руу гал нээсэн хэрэгт харилцан нэгнээ буруутгаж байгаа. Хэрвээ станцад осол гарвал Чернобылийн ослоос ч том гамшиг болох өндөр магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Украины өмнөд хязгаарт оршдог уг станцыг Оросын цэрэг дайны эхний өдрүүдэд эзлэн авсан юм. Гэхдээ станцын үйл ажиллагааг Украины төрийн өмчит Энергоатом компани хариуцсан хэвээр байгаа.

Бямба гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Станц руу буудаж байгаа болон станцыг хамгаалалт болгон ашиглаж буй Оросын цэрэг бүр манай тагнуулын алба, тусгай алба, зэвсэгт хүчний ‘онцгой бай’  болж байгаагаа ойлгох ёстой” гэж мэдэгджээ.

Тэрбээр Запорожийн атомын цахилгаан станцыг “цөмийн барьцаа” болгон ашиглаж буй Оросын талыг энэ үеэр буруутгасан байна.

НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн захирал Рафаэл Гросси станцын ойр орчимд байлдааны ажиллагаа явуулах нь бүс нутгийг хамарсан томоохон гамшиг үүсгэх ноцтой үр дагавартайг Пүрэв гарагт анхааруулсан юм.

Тэрбээр цөмийн мэргэжилтнүүдийг станцад нэвтрүүлж, нөхцөл байдлыг үнэлүүлэхийг Украин, Оросын талуудад уриалжээ.

Украин болон Өрнөдийн орнууд Запорожийн станцаас Оросын цэргийг гаргаж, “зэвсэггүй бүс” байгуулахыг уриалсан ч Москва үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

Эх сурвалж: Aljazeera