Олон жилийн турш Ираны шашны тэргүүний оноосон алах ялаас зугтаж явсан Их Британийн зохиолч Салман Рушди өчигдөр АНУ-ын Нью-Йорк мужийн нутагт болсон утга зохиолын арга хэмжээнд оролцож байхдаа хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ.
Тайзан дээр хөтлөгчтэй ярилцаж байсан зохиолч руу нэгэн эрэгтэй дайрч, хүзүүнд нь хутгалсан байна. Зохиолчийг даруй нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж, мэс засалд оруулжээ.
Халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан ба Нью-Жерси мужид оршин суудаг, 24 настай Хади Матар гэгч байсныг цагдаагийн газар тодруулсан байна.
Одоо 75 настай Рушди нь 1988 онд хэвлүүлсэн “Шулмын шүлгүүд” номынхоо улмаас Исламын шашныг үндэслэгч Мухаммедыг доромжилсон хэрэгт буруутгагдаж байжээ.
Тухайн үед Ираны шашны тэргүүн Аятолла Рухолла Хомейни түүнд цаазын ял оноож, амийг нь хөнөөсөн хүнд их хэмжээний мөнгөн шагнал амлаж байв.
Рушди нь Энэтхэгт төрсөн, муслим гэр бүлээс гаралтай нэгэн боловч өөрийгөө шашингүй үзэлтэнд тооцдог байна.
Их Британийн засгийн газар Рушдийг цагдаагийн хамгаалалтад авсны дараа арав орчим жил нуугдаж амьдарсан юм.
Энэ хугацаанд тэр олон удаа амьдрах газраа сольж, хүүхдүүддээ хүртэл хаана амьдарч байгаагаа хэлдэггүй байв.
1998 онд Ираны удирдагчид аллагыг дэмжихгүйгээ мэдэгдсэний дараа Рушди нууц амьдралаас гарч байжээ.
Одоо Нью-Йорк хотод амьдардаг Рушди нь үг хэлэх эрх чөлөөг тууштай хамгаалагч болсон юм.
Рушди нууц байдалд амьдарч байхдаа өөрийн хэрэглэж байсан нэрээр нэрлэсэн “Joseph Anton: A Memoir” дурсамжаа 2012 онд хэвлүүлж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
|