Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Зеленский дайныг зогсооход туслахыг Ши Жиньпинээс хүсэх төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Хонконгийн англи хэл дээр нийтлэгддэг Өмнөд Хятадын Өглөөний Шуудан сонинд Zoom видео холбоогоор ярилцлага өгчээ.

Энэ нь тус улсад Оросын цэрэг халдан довтолсноос хойш түүний Азийн хэвлэлд өгсөн анхны ярилцлага юм.

Ярилцлагадаа тэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй шууд холбогдож, дайныг зогсоохын тулд ОХУ-д нөлөөлөхийг хүсэх бодолтой байгаагаа ярьсан байна.

“Хятад бол маш их хүчирхэг улс. Маш их хүчирхэг эдийн засаг. Тиймээс ОХУ-д улс төрийн болон эдийн засгийн нөлөө үзүүлэх чадалтай. Бас НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орон” гэж Зеленский ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Би Ши Жиньпин ерөнхийлөгчтэй шууд ярих бодолтой байна. Би түүнтэй нэг жилийн өмнө ганц л удаа ярилцаж байсан. Хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлснээс хойш бид ярилцах боломжийг албаны шугамаар хүссэн ч одоо болтол хэрэгжиж чадаагүй байна” гэсэн юм.

Зеленский бас Украин-Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй явдгаа энэ үеэр хэлжээ.

Хоёр улс өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосныхоо 30 жилийн ойг тэмдэглэсэн юм.

2021 оны байдлаар Хятад улс нь Украины хамгийн том худалдааны түнш байжээ. Хоёр улсын худалдааны эргэлт тухайн жил бараг $19 тэрбумд хүрсэн байна.

Өнгөрсөн онд утсаар ярихдаа Украинд нэг удаа зочилж байсан, энэ улсын талаар сайхан дурсамжтай явдгаа Ши Жиньпин ярьсныг Зеленский дурсжээ.

Тэнцвэртэй гадаад бодлого баримтлах Бээжингийн сонирхлыг ойлгож байгаа ч Орос улс ямар ч бодит шалтгаангүйгээр тусгаар тогтносон Украины газар нутагт халдан довтолсныг ойлгох нь чухал болохыг тэр онцолсон байна.

“Хятадын зах зээлгүйгээр ОХУ жинхэнээсээ эдийн засгийн хувьд тусгаарлагдана гэдэгт би итгэлтэй байна. Дайн дуусах хүртэл ОХУ-тай хийх худалдаагаа хязгаарлах нь Хятад улсын хийж чадах зүйл юм” гэж Зеленский ярьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post