Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг нэг сумын ИТХ-ын дарга хоёр жил гаруй тасалдуулсан байх жишээтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулахаар болсон.

Сүүлийн 20-оод жил манайд стратегийн томоохон бүтээн байгуулалт ялангуяа донор орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн түвшинд стратегийн бүтээн байгуулалт явагддаггүй, гэрээлэгч улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ бид хэрэгжүүлж чаддаггүй нөхцөл бий.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Ши Жиньпин даргад бичиг явуулж, хоёр жил гаруйн хугацаатай тасалдуулсан байх жишээтэй.

Стратегийн бүтээн байгуулалт нь өөрөө улс орны эдийн засгийн хурдасгуур, хамгийн том хөшүүрэг нь байдаг. Гэтэл үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллагын эсвэл ард иргэдийн нэр барьсан хэн нэгэн этгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх ажиллагаа гэх холбогдох зүйлчлэлээр нь Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан" гэлээ.

Үргэлжлүүлэн "Сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт маш ихээр бүртгэгдэж, гэмт хэргийн төрөл өөрчлөгдөж байна. Ялангуяа, цахим орчин дахь залилан, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд гарч байна. Өсвөр насны болон бага насны хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлэх замаар бэлгийн харьцаанд орох, бүр цаашлаад биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг зохион байгуулагдаж байна. Иймд цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг таслах зогсоох чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1026953807970491