Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны хагас жилийн ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийлээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, тогтвортой байдлыг хадгалахын төлөө Санхүүгийн зохицуулах хорооны нийт хамт олон сэтгэл, зүтгэл гаргаж хичээж ажилласан. Зохицуулалтын салбаруудад ч өндөр амжилт үзүүлж чадлаа гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр ирэх хагас жилд илүү их сорилт, илүү их ажил биднийг хүлээж байна. Санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг шинэчлэх, технологийн шинэчлэлийг дэмжих хүрээнд холбогдох хуулиудын төслийг боловсруулж УИХ-аар батлуулах, зохицуулалт хяналтын орчныг уян хатан боловсронгуй болгох, виртуал хөрөнгийн үйлчилгээний зохицуулалтыг хэрэгжүүлэх, мөнгө угаалттай тэмцэх, 2023 оны харилцан үнэлгээнд бэлтгэх гээд олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ.
Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт хяналтын чиг үүргийнхээ хүрээнд хагас жилийн байдлаар 3614 зохицуулалттай этгээд, 2426 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.
Бодлого зохицуулалтын хүрээнд хийсэн онцлох зарим ажлаас дурдвал хөрөнгийн зах зээлийн салбарт хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, баримт бичгийг бүртгэх, тавигдах нөхцөл шаардлагатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж хялбаршуулсан ба хамтын сангийн шинэ төрөл болон биржээр арилжаалагддаг сантай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгосон. Мөн үнэт цаасны бүртгэлийн болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ерөнхий зохицуулалтыг шинэчлээд байна.
Бичил санхүү буюу банк бус санхүүгийн салбарт ногоон зээлийн орчныг бүрдүүллээ. Тодруулбал, банк бус санхүүгийн байгууллагууд нийт зээлийн 5 хувийг ногоон зээлд олгохын зэрэгцээ ногоон зээл болон жендэрийн мэдээллийн санг үүсгэсэн. Мөн Банк бус санхүүгийн байгууллагуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлээд байна. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү, түүнтэй холбоотой үйлчилгээний шимтгэл, хураамжийн зохицуулалттай болгосон.
Даатгалын салбарт ч мөн зохицуулалт, хяналт илүү уян хатан болсны зэрэгцээ даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг сайжруулаад байна.
Ногоон даатгалын зохицуулалтыг бий болгож мөн даатгалын эрсдэлийг тархаан байршуулах хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор банканд байршуулсан даатгалын хөрөнгө, нөөц санд төвлөрүүлсэн хөрөнгийн 10 хувийг хөрөнгийн биржийн А самбарын хувьцаанд байршуулах зохицуулалттай болсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!