Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байсан бол 60 гаруй жилийн дараа хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарц бий болох эхлэл тавигдаж байна.
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нь 415 км урт, бүтээн байгуулалтын ажил Бичигт хилийн боомтын төмөр замаас эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм.
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.
Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ” гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлнэ.
Япон Улсын “Nippon koei” компани техникийн зөвлөхөөр сонгогдож Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, техникийн зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэжээ.
Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Зүүн бүс нутагт боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, хот бий болох суурь нөхцөлийг бүрдүүлж, 800 орчим ажлын байр шинээр бий болж, жилд ойролцоогоор 12 сая тонн дотоодын ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавих аж.
Бичигт боомтыг одоогоос 30 жилийн өмнө буюу 1992 оны долдугаар сарын 2-ны өдөр анх нээж байжээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!