Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр бүхий компаниудын импортолдог жимс, жимсгэнэд шинжилгээ хийхэд хорио цээртэй хортон шавж илрээгүй гэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Neguun.mn сайтаас Хятадаас жимсийг түүхийгээр нь оруулж ирж, хор шахдаг гэсэн олон нийтийн сүлжээгээр шууд цацалт хийсэн мэдээллийн дагуу Алтан халбага ХХК-аас ирсэн гомдлын үндэслэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар БГД-ийн 6-р хороонд байрлах Алтан халбага ХХК-ийн түр агуулах, СХД-ийн 32 хороонд байрлах үндсэн агуулахад байсан хоёр сортын алим, 7 нэрийн хатаасан жимснээс, Цэнхэр жимс ХХК-ийн БГД-ийн 4-р хороонд байрлах агуулахаас БНХАУ-аас импортолсон 10 нэрийн жимснээс тус тус дээж авч шинжлүүллээ.

Тодруулбал МХЕГ-ын дэргэдэх Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторид ургамлын хорио цээртэй хортон, пестицид, нитрат, токсин, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох, эмгэг төрөгч нян илрүүлэх шинжилгээг хийлгүүлэхэд Алтан халбага ХХК-ийн 22-3096, 22-3093, 22-3297, Цэнхэр жимс ХХК-ийн 22-3094, 22-3290 тоот шинжилгээний дүнгээр хорио цээртэй хортон шавж, салмонелла, афлатоксин В1В2, нитрат илрээгүй, хар тугалга, кадьми зөвшөөрөгдөх хэмжээнд байв.

Эмгэг төрөгч биш гадна орчны нян зөвшөөрөгдөх хэмжээнд илэрсэн нь ургамлын хорио цээр, хими, нян судлалын аюулгүйн үзүүлэлтээр стандарт, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангаж байна.

Баримт бичгийн хяналтаар Алтан халбага компани нь Бельги, Өмнөд Африк, Шинэ Зеланд, Итали, Польш, Чили, Тайланд, ОХУ-аас 30 гаруй нэр төрлийн шинэ жимс, хатаасан жимсийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор, Цэнхэр жимс компани  БНХАУ-аас 51 нэрийн жимс, ногоо, ОХУ-аас 22 нэрийн шинэ жимс, хатаасан жимсийг импортлохоор тус тус Гаалийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авч, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор хяналтад хамруулан импортолжээ.

Агуулахад хийсэн хяналт шалгалтаар цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод хяналт шалгалт сул байгаа зөрчилд хугацаатай албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байна хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.