Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо

ikon.mn
2022 оны 6 сарын 27
iKon.MN
зураг
 

“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инвескор ББСБ" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан, "Инвескор капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг, "Голомт капитал ҮЦК" ХХК-ийн С.Ган-Эрдэнэ болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ  “Сүүлийн хоёр жилийн хугацаанд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд дотоодын хөрөнгийн зах зээлээс шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг татах сонирхол эрс өссөн. Жишээлбэл, өнгөрсөн онд хоёр компани нээлттэй хувьцаат компани болсон бол энэ онд дахин хоёр компани нийтэд санал болгон гаргах үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсний зэрэгцээ гурван компанийн хүсэлтийг одоо хянаж байна. Аж ахуйн нэгж, байгууллагуудаас ч IPO гаргах хүсэл, сонирхлоо илэрхийлсээр байна. Мөн хугацаанд нийт найман хувьцаат компани нээлттэй болон хаалттай хүрээнд гаргах үнэт цаасаа бүртгүүлсэн бөгөөд үүний нэг нь “Инвескор ББСБ” ХХК юм. Тус компани нь 2019 онд анх нээлттэй хувьцаат компани болж хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэгдэж байсан бол өнөөгийн байдлаар I самбарт бүртгэлтэй, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлэгч компанийн нэг болсон байна.

зураг
 

Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн хоёр жилийн хугацаанд зах зээлээ тэлсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжсэн, өртөг зардлыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний нэг илрэл бол хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүн гаргахтай холбоотой суурь бүртгэлийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, үнэт цаас гаргагч компанийн засаглал, мэдээлэл тайлагналын ил тод байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн суурь зохицуулалтын орчныг бүрдүүлсэн явдал юм. Ингэснээр үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд, жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны компаниуд арилжааны банкны зээлийн санхүүжилтээс гадна хөрөнгийн зах зээлээс урт хугацааны санхүүжилтийг татан төвлөрүүлэх боломж бололцоо нэмэгдэж байна.

Түүнчлэн энэ онд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаа, оролцоог дэмжсэн, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг бий болгох зорилгоор холбогдох журмуудаа шинэчлэн баталсныг дурдах нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

“Инвескор ББСБ” ХК нь энэ удаад нийтэд санал болгон нэмж 4.0 сая ширхэг хувьцаа гаргах бөгөөд хувьцааны эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан нөхцөлд нэмж гаргаж буй хувьцааны 15 хүртэл хувь буюу 600,000 ширхэг хувьцааг нэмж гаргах юм байна.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо