Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

"ХКҮ" ХХК зөвшөөрөлгүй компаниар махаа бэлтгүүлсэн үү эсвэл "Эм Ди Си Пи" хууль бус шошго ашигласан уу гэдгийг шалгаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас махтай холбоотой хяналт шалгалт хийсэн талаар болон цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өгсөн.

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү ""ХКҮ" компани өөрөө дулааны аргаар мах боловсруулж, экспортлох зөвшөөрөлтэй мөртлөө зөвшөөрөлгүй "Эм Ди Си Пи" компаниар бэлтгүүлсэн үү эсвэл "Эм Ди Си Пи" компани хаяг шошго хууль бусаар ашигласан байна уу гэдгийг шалгаж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр "Анх битүүмжилсэн махан дотор “ХКҮ” ХХК хаяг шошготой 4,442 хайрцаг мах тухайн "Эм Ди Си Пи" компанийн агуулахад байсан.

Өөрөөр хэлбэл, мах экспортлох зөвшөөрөлгүй компани дотор “ХКҮ” ХХК-ийн хаяг шошго байгаа асуудал нь өөрөө шалгах шаардлагыг гаргаж байна. Тийм учраас нийт таван газарт прокурорын зөвшөөрөлтэйгөөр шалгалт, нэгжлэг хийсэн.

Мөн биднийг үндэсний үйлдвэрлэл рүүгээ халдлаа гээд ташаа мэдээлэл гараад байна. ХКҮ компани нь өөрөө “Мах Импекс” ХХК-ийн хашаа дотор нь байрладаг тул ХКҮ компанид нэгжлэг хийхийн тулд "Мах Импекс" компанийн байр руу нэвтэрсэн. Түүнээс биш "Мах Импекс" компанид нэгжлэг хийгээгүй.

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн химийн хортой бодис хууль бусаар эргэлтэд оруулах гэдэг зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас Мэргэжлийн хяналтын газар зэргийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор нарийн шалгалтууд хийгдэнэ.

Дулааны аргаар мах боловсруулж, экспортлох зөвшөөрөлтэй “ХКҮ” компанийн хаяг шошго бүхий хайрцагтай мах "Эм Ди Си Пи" компанийн агуулахад байгаа учир шалтгааныг нь цагдаагийн байгууллага шалгаж тодруулна.

"ХКҮ" компани өөрөө мах экспортлох зөвшөөрөлтэй байж зөвшөөрөлтгүй компаниар махаа бэлтгүүлсэн байна уу эсвэл "Эм Ди Си Пи" компани ХКҮ компанийн хаяг шошгыг хууль бусаар ашигласан байна уу гэдгийг шалгаж тогтооно" гэсэн юм.