Сирийн дарангуйлагч Башар аль Ассадын гэргий гэр бүлээ салгах гэж байгаа талаар мэдээллийг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр няцаажээ.
Энэ сарын эхээр Сирийн босогчид Дамаск хотыг эзэлсний дараа Ассад гэр бүлийн хамт ОХУ руу дүрвэж, оршин суух албан ёсны эрх авсан юм.
Британид төрсөн тэргүүн хатагтай асан Асма аль Ассад нөхрөөсөө салж, Оросоос явах хүсэлтэй байгаа тухай анх Туркийн хэвлэл мэдээлжээ.
Даваа гарагт сэтгүүлчид энэ мэдээллийн мөрөөр тодруулахад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Үгүй, энэ нь бодит байдалтай нийцэхгүй мэдээлэл” гэж хариулсан байна.
Тэр бас Оросын эрх баригчид Ассадыг хорьж, өмч хөрөнгийг нь битүүмжилсэн гэх мэдээллийг эрс няцаажээ.
Орос улс Ассадын үнэнч холбоотон байсан бөгөөд Сирийн иргэний дайны турш цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлж байв.
Ням гарагт Туркийн хэвлэл Ассадын гэр бүл Москвад маш хатуу хяналтын дор амьдарч байгаа, тэргүүн хатагтай асан нөхрөөсөө салж, Лондон явах бодолтой байгаа тухай мэдээлсэн юм.
Хатагтай Ассад нь Сири-Их Британийн давхар иргэний харьяалалтай боловч Их Британийн гадаад хэргийн сайд түүнийг хүлээж авахгүйгээ өмнө нь мэдэгдээд байгаа.
Гадаад хэргийн сайд Дэвид Ламми энэ сарын эхээр парламентад үг хэлэхдээ “Тэр бол хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн хүн бөгөөд Британи улс түүнийг хүлээж авах боломжгүйг би батлан илэрхийлж байна” гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Ассад өөрийгөө Сириэс явах ямар ч бодолгүй байсан, зөвхөн Москвагийн эрх баригчдын хүсэлтээр Оросын цэргийн баазаас онгоцоор дүрвэхээс өөр аргагүй болсноо тайлбарлаж байв.
Одоо 49 настай Асма аль Ассад 1975 онд Их Британид оршин суудаг Сири гэр бүлд мэндэлж, амьдралынхаа ихэнх хугацааг Лондон хотын баруун хэсгийн Эктон дүүрэгт өнгөрөөжээ.
Тэрбээр 2000 онд 25 настайдаа Сирид нүүн очиж, эцгийнхээ суудлыг залгамжлаад удаагүй байсан Ассадтай гэрлэсэн юм.
Асма нь Сирийн тэргүүн хатагтайгаар 24 ажиллахдаа Өрнөдийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг нэлээд татдаг байв.
2011 онд Vogue сэтгүүл түүнийг “Цөлийн сарнай” хэмээн өргөмжилж байлаа.
Гэвч Сирийн иргэний дайн тухайн онд эхэлж, Ассад эцгээсээ өөрцгүй цуст дарангуйлагч болох нь харагдаж эхэлжээ.
Өнгөрсөн хугацаанд Ассадын дэглэмийн гарт хагас сая гаруй Сирийн иргэн алагдсан юм. Тэр бас энгийн ард иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэнд буруутгагддаг.
2016 онд Асма аль Ассад нөхөртэйгөө хамт байхын тулд дайнд нэрвэгдсэн Сириэс аюулгүй гарч явах саналаас татгалзсанаа Оросын төв телевизэд ярьж байжээ.
2018 онд хатагтай Ассад хөхний хорт хавдартай болсон нь оношлогдож, жилийн дараа бүрэн эдгэрснээ зарлаж байв.
Энэ оны тавдугаар сард тэр бас цусны хорт хавдартай болж, эмчлүүлж эхэлснийг Сирийн ерөнхийлөгчийн ажлын алба мэдээлж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!