Японы хоёр ба гуравдагч том автомашин үйлдвэрлэгчид болох Honda, Nissan компаниуд нэгдэхээр тохиролцжээ.
Өчигдөр буюу Даваа гарагт Honda компанийн тэргүүн Тошихиро Мибе, Nissan компанийн тэргүүн Макото Учида нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 2026 оны наймдугаар сард нэгдсэн толгой компани байгуулах төлөвлөгөөг баталсан байна.
Уг төлөвлөгөө хэрэгжвэл шинээр байгуулагдах компани нь Toyota, Volkswagen хоёрын дараа дэлхийд гуравт орох том автомашин үйлдвэрлэгч болох юм.
Хоёр компанийн зорилго нь цахилгаан автомашины шинэ зах зээлийн өрсөлдөөнд хүчээ нэгтгэх болж байна.
Энэхүү нэгдэлд бас Nissan компани ихэнх хувийг нь эзэмшдэг Mitsubishi Motors багтах юм. Ингэснээр гурван компанийн зах зээлийн нийлбэр үнэлгээ $50 тэрбум давахаар байна.
$10 тэрбумын үнэлгээтэй Nissan өнгөрсөн сард нийт ажиллах хүчнийхээ 6 хувь буюу 9,000 ажлын байрыг цомхотгох, дэлхий даяар үйлдвэрлэлээ 20 хувиар бууруулах шийдвэр гаргасан юм.
Тус компани сүүлийн улирлын үйл ажиллагаа нь 9.3 тэрбум иений ($60 сая) алдагдалтай гарсны дараа ийм шийдвэр гаргажээ.
Nissan компанийн хувьд 2018 онд өмнөх ерөнхийлөгч Карлос Гон нь луйвар, өмч хөрөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байхдаа Японоос Ливан руу оргосноос хойш уналтын байдалд байгаа.
Өөрийгөө буруугүй гэж үздэг Гон өчигдөр хоёр компанийн мэдэгдлийг “аргаа барсан алхам” хэмээн шүүмжилжээ.
Nissan компанийг аврах боломжтой Японы ганц үйлдвэрлэгч нь Honda юм.
Одоогоор $40 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй байгаа Honda компанийн ерөнхийлөгч Мибе шинээр байгуулагдах компанийг эхэн үедээ удирдах юм байна.
Японы автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүрт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр бусад улсуудын компаниудаас хоцорч, алдагдсан цаг хугацаагаа нөхөх арга хайж байгаа.
Дээрх гурван компани энэ оны наймдугаар сард цахилгаан автомашин үйлдвэрлэлийн чиглэлд нөөц боломжоо хуваалцаж, хамтарсан судалгаа туршилт, хөгжүүлэлт явуулахаар тохиролцож байв.
2023 онд Honda 4 сая, Nissan 3.4 сая, Mitsubishi Motors нэг сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэж байжээ.
2021 онд Fiat Chrysler Automobiles, PSA компаниуд нэгдэж, Stellantis нэрийн дор ажиллах $52 тэрбумын дүнтэй гэрээ байгуулж байлаа.
Honda, Nissan компаниудын нэгдлийг энэ үйл явдлаас хойш дэлхийн авто үйлдвэрлэлийн салбарт гарсан хамгийн том үйл явдал гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!