Уншиж байна ...
Зураг
Зураг

Татварын зөрчил гаргасан татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлж болохгүй болов

А.Ням-Өлзий, iKon.mn
Өчигдөр 17 цаг 23 минут
IKON.MN
Зураг зураг

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, Д.Цогтбаатар гишүүн энэ талаар танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн байна. УИХ-ын гишүүн Б.Жавхланг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилжээ.

Дээрх маргааныг Цэц хянан хэлэлцээд, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд "Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллага дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.4.1 дэх заалтад "татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;

34.4.3 дахь заалтад "татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.

зураг
 

Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2024 оны 04 дүгээр дүгнэлтэд дурджээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Энхбаяр, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, С.Эрдэнэболд, Б.Заяабал, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлт нь Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө, бизнес эрхлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг явуулах эрхийг Үндсэн хуулийн дагуу хангахтай холбоотой зарчмын шийдвэр гэдгийг илэрхийлсэн. Төр хуулиар иргэдийг засаглахаас илүүтэй хүний эрх, эрх чөлөөг хуулиар хамгаалах зарчмыг тодотгож байгааг тэмдэглэв. Төрийн байгууллагууд ажлаа хөнгөвчлөхийн тулд хуулиар үүрэг хүлээлгэн, иргэдээ дарамталж байгааг бүх түвшиндээ анхаарч, иргэнд хуулиар үүрэг хүлээлгэж буй хууль тогтоомжуудад Хууль зүйн байнгын хороо дүн шинжилгээ хийх саналыг гаргасан.

Мөн аливаа өмчийн харилцаа нь тухай өмчлөгч этгээдээс гадна түүнтэй харилцаанд орж буй этгээдийн эрх ашигтай шууд хамааралтай байдгийг хэлж, хууль хэрэглээний явцаас үүдсэн зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэн, оновчтой болгох талаар санал хэлж байв. Улс орны хөгжлийн гол тулгууруудын нэг нь татварын оновчтой бодлого гэдгийг гишүүд хэлж, бизнесийн эрхлэгчдээ дэмжих гэдгийг бусад улс орны жишгээс дурдаж, сүүлийн жилүүдийн Монгол Улсын татварын бодлогын өөрчлөлтийн үр дагаврын талаар байр сууриа илэрхийлж байсан.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар боллоо.