Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1,200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна.
Гол болон туслах авто зам, хотоос алслагдсан замуудыг цэвэрлэж, гулгааг арилгах тусгай зориулалтын 119.7 тонн бодис, 141.5 тонн давс тус тус зарцуулжээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 4377.7 тонн давс, 6542.8 тонн бодисын бодит үлдэгдэлтэй байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Есөн дүүргийн хэмжээнд ТҮК-ийн ажилтнууд шөнийн 02:00 цагаас нийтийн эзэмшлийн зам, талбайн цас цэвэрлэгээг эхлүүлж, даваа, гүвээ, өгсүүр, уруу халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давс, бодис асгаж, хайргатай сав байршуулжээ.
Түүнчлэн иргэн, ААН ойр орчмын 50 метр газрын цасаа цэвэрлэхийг уриаллаа.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Улаанбаатар хотод өнөөдөр цас орно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!