Грек улсын засгийн газар өчигдөр тус улсын хаан агсны гэр бүлийн гишүүдийн иргэний харьяаллыг сэргээх шийдвэр гаргаснаар олон жил үргэлжилсэн маргаан өндөрлөжээ.
Тус улс 1974 онд бүх нийтийн санал хураалтаар хаант засаглалыг халж байв. Үүнээс хорин жилийн дараа хааны ордныг төрийн өмчид шилжүүлж авсантай холбоотой маргааны улмаас язгууртнуудынхаа иргэний харьяаллыг цуцалж байжээ.
30 жил үргэлжилсэн зөрчил маргаан ийнхүү өндөрлөж байна.
Грекийн засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр хаан Константин II агсан, хатан Анна-Мариа нарын таван хүүхэд, таван ач зээ, нийт 10 хүний иргэний харьяаллыг сэргээжээ.
“30 жилийн дараа Грекийн иргэн болсондоо бидний сэтгэл маш их хөдөлж байна. 1994 онд батлагдсан хуулиар бидний иргэний харьяаллыг хасаж, хаана ч хамааралгүй болгосон нь сэтгэл санааны асар их зовлонд унагасан юм” гэж хааны гэр бүлээс грек, англи хэл дээр гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
“Манай аав болон манай гэр бүл 1974 оны бүх нийтийн санал хураалтын үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байсан юм. Гэвч 1994 онд батлагдсан иргэний хуулийн заалт нь эх орондоо үнэнч хэвээр байсан Грекийн төрийн тэргүүн асны статуст харшилж байлаа. Бидний аав нас барснаар нэгэн эрин үе өндөрлөсөн юм” гэж мэдэгдэлд цааш нь бичжээ.
Константин хаан өнгөрсөн онд 82 насандаа таалал төгссөн юм.
1964-1973 онд Грекийн хаан ширээнд сууж байсан тэрбээр 70 гаруй настайдаа л эх орондоо буцан ирж байжээ.
Константины төрөл төрөгсөд Европын бусад хаад язгууртнуудтай ураг төрлийн хэлхээ холбоотой байдаг.
Тэр өөрөө Данийн гүнж Анна-Мариатай гэрлэсэн бол эгч нь Испанийн хатан асан София юм. Константин өөрөө Британийн Чарльз III хааны хоёрдугаар үеэл бөгөөд угсаа залгамжлах хунтайж Уилльямын загалмайлсан эцэг ажээ.
Грекийн засгийн газартай маргаанаа дуусгах тохиролцоонд хүрсний үр дүнд Константины хүүхдүүд “De Grece” (франц хэлээр Грекийн гэсэн утгатай) овог нэрийг сэргээн хэрэглэхээр болж, хариуд нь дахин хаан ширээнд санаархахгүй байх, Грекийн парламентын засаглалыг хүлээн зөвшөөрөх амлалт авсан байна.
Константин агсны таван хүүхэд нь 58 настай Алекса, 56 настай Павлос, 54 настай Николас, 40 настай Теодора, 37 настай Филиппос нар юм.
Грекийн иргэн болсон таван ач зээ нь Павлосын хүүхдүүд болох 27 настай Мари-Олимпиа, 25 настай Константин-Алексиос, 23 настай Ахиллеас-Андреас, 19 настай Одиссеас-Кимон, 15 настай Аристидис-Ставрос нар ажээ.
Харин хааны хатан асан 78 настай Анна-Мариа иргэн болох хүсэлт гаргаагүй юм байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!