Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг шинэчлэн баталсан талаар өнөөдөр Боловсролын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр "Монгол Улсын бүх сургуулиудад цахим хэрэглээнийх нь зардлыг хувьсах зардалд нь шингээгээд өгч байгаа. Уг зардлаасаа сургуульдаа ашиглах цахим системийг сургууль өөрөө сонгох эрхтэй болж зах зээл нь нээлттэй, ил тод, шуурхай болж байгаа юм. Цаашдаа энэ цахим шилжилтийг эрчимжүүлнэ. Үүний зэрэгцээ интернэтийн хурд, хүртээмж багш, хүүхэд бүрд компьютер гэх бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана" гэв.
Журмын талаар тодруулбал:
- Сургуулийн цахим бүх үйлчилгээг үзүүлэх компанийг сонгохдоо сургуулийн зөвлөл буюу ЕБС-ийн багш, эцэг эхийн төлөөллүүд хамтаараа сууж байгаад шийдвэр гаргах аж. Сургуулиуд уг зөвлөлөө байгуулаагүй бол зөвлөлөө яаралтай байгуулах хэрэгтэй ба захирал дангаараа компанийн сонгон шалгаруулалт хийхгүй. Хамтын шийдвэр гаргана гэдгийг онцлов.
- Мөн өнөөдрийг хүртэл цахим дэлгүүрээс жагсаалтад байхгүй компанитай гэрээ байгуулчихсан байгаа бол хууль бус болно. Хэрэв ийм гэрээ байгаа бол түүнийгээ яаралтай цуцлаад хурдан хууль журамд нийцүүлэх хэрэгтэй аж.
- Боловсролын яам сургуулийн цахим мэдээллийн систем болон үйл ажиллагаанд нь оролцохгүй. Хувийн хэвшилд боломж олгож байгаа.
- Алдаа дутагдалтай программ хангамж байвал сургуульд эрсдэл гарах учир боловсролд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудын мэдээллийг нээлттэй байршуулж сургуулиудад хүргүүлнэ. Анхан шатны шаардлагыг биелүүлэх нэгдсэн стандартыг баталсан.
- Журмынхаа хүрээнд зөвхөн хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжиж ажиллах учир хуучин ашиглаж байсан төрийн ESIS системийг ашиглахгүй.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!