Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг батлахаар НИТХ-аар хэлэлцэж байгаа юм. Төсвийн зарлага, санхүүжүүлэх зарим хөтөлбөрийн талаар төлөөлөгч нар мэдээлэл өгөв.
НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн: Нийслэлийн 2025 оны төсвийг гурван их наяд 198 тэрбум төгрөгийн орлоготой, гурван их наяд 198 тэрбум төгрөгийн зарлагатай байхаар боловсруулсан байна.
Өмнөх төсөлтэй харьцуулахад төсөв алдагдалгүй, урсгал зардал буурсан харагдаж байна.
Хөрөнгө оруулалтын зардал 1.7 их наяд төгрөг.
Нийслэлийн бондоор их хэмжээний бүтээн байгуулалтыг хийнэ. Бондоос санхүүжих дүн хоёр их наяд 188 тэрбум төгрөг. Үүнээс 1.6 их наяд төгрөгөөр Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг барьж байгуулах ажил төсвийн хамгийн их дүнг эзэлж байна.
Эрчим хүчний хуримтлуурын станц, авто зам, Туул-1 коллекторыг барих ажлуудын санхүүжилт нийслэлийн төсөвт тусгагдсан байна.
НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр: 63 дугаар сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөх, нийслэлийн төсвөөс зардлын 50%-ийг шийдэж 1-5 дугаар ангийнханд “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нүүрсний агуулах, тээвэрлэлт, зуух, технологийн шинэчлэлтэй холбоотой зардал, гэрийн дулаалга зэргийг ногоон зээлээр олгохтой холбоотой төсвийг тусгуулсан.
2025 онд газар чөлөөлөлт, нөхөн олговорт 359 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
Хотын удирдлагууд Сэлбэ дэд төвд 12,000 айлын орон сууцыг барьж, Улаанбаатарын утааг багасгана гэж амлаад байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!