Уншиж байна ...
Зураг
Зураг

“Гэр, байшингаа зөв дулаалж, дулаан алдагдлыг багасгаж чадвал гэр хорооллоос гарч буй утааг 50 хувиар бууруулах боломжтой”

ikon.mn
Өчигдөр 12 цаг 33 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газар (НАОБТГ)-аас хүйтний улиралд хувийн орон сууц, байшин, монгол гэрийг хэрхэн дулаалах талаар гэр байшин дулаалгын төслүүдийн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

Барилгын дулаан нь:

  • 32% - дээвэр
  • 34% - хана
  • 10% - суурь
  • 8% - цонхноос алдагддаг байна. 

Дулаан шийдэл төслийн дулаалгын ахлах инженер Ж.Ганхуягийн зөвлөж буйгаар гэр хорооллоос гарч байгаа утааны 50 хувийг гэр, байшингаа зөв дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар шийдвэрлэх боломжтой аж. 

Тэрбээр “Байшинд дээврийн дулаалга хамгийн багадаа 20см, хананы дулаалга хамгийн багадаа 15см, шал суурь 10см дулаалгатай байх шаардлагатай. Дулаалгад полистиролын төрлүүд буюу хөөсөнцрөөс гаралтай бүтээгдэхүүнүүд мөн чулуун хөвөн, хонины ноос, шилэн хөвөн гэсэн ийм дулаалгууд бий. Модон барилгыг хөөсөнцөр дулаалгаар бүү дулаалаарай” гэсэн юм. 

Түүнчлэн “Гэр өргөө” ТББ-ын хөтөлбөр хариуцсан захирал Э.Тэмүүлэн “Монгол гэр бол хаяагаар, хаалгаар хамгийн их дулаан алддаг. Дулаан гэр төслийн хүрээнд 50 гаруй айлын дулаан алдагдлыг шийдвэрлэсэн бөгөөд хаяавч хэсэгт ус, цас нэвтэрдэггүй материалаар дулаалга хийсэн бол дотор талд мөнгөлөг материалаар дулаалга хийсэн. Зуны улиралд хаяагаа сөхдөг учраас түүнд зориулан нугалардаг, төвөггүй байдлаар дулаалгыг шийдвэрлэх боломжтой юм.

Мөн хаалга, хатавчаар их дулаан алддаг бөгөөд энэ хэсгийн дулаалга нь эсгий материалтай байвал тохиромжтой. Эсгий өөрөө чийг даагаад илжирч мууддаг тул хэрэв эсгийгээр гэрээ дулаалж байгаа бол заавал эсгийгээ гадуур нь ус, цас нэвтрэхгүй материалаар бүрэх хэрэгтэй. Ийм маягаар иргэд өөрсдөө материалаа хүссэн газраасаа худалдаж аваад гэрийн дулаалгаа хийх боломжтой” хэмээн зөвлөлөө. 

Видео:
https://www.facebook.com/aprd.ub.gov.mn/videos/1157462592663754