Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Энхболд: Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх оныхоос 51%-аар буурсан

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 15 цаг 23 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгасан хуулийн зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж буй.

Хуулийг чангатгаснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хэчнээн илэрсэн, буурч чадсан уу гэдгийг Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулав.

Тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболдын мэдээлснээр энэ оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 25,745 зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Эдгээр зөрчлийн 9,455 нь нийслэл хотод, 16,290 орон нутагт байна.

Уг зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 36.2%, орон нутагт 22.1%, Улаанбаатар хотод 51.4%-аар тус тус буурчээ.

Үүнээс жолоодох эрхтэй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20,855 зөрчил илэрсэн нь улсын хэмжээнд 35.1%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд ногдуулах хариуцлагын тухайд тэрбээр "Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн дагуу анх удаа болон давтан согтуугаар машин жолоодсон бол бүгд заавал шүүхээр ордог болсон. Шүүхээс зөрчил гаргасан жолоочийн эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоод явуулах уу, 7-30 хоног баривчлах уу гэдгийг шийддэг болсон.

Өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд нэг жилээр эрхийг хасаж, 400,000 төгрөгөөр торгоод дүүргүүдийн зөрчлийн байцаагч нар арга хэмжээ аваад явуулдаг байсан юм" гэв.

Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан ТЦА-наас хүч нэмэгдүүлэн шөнийн цагаар хяналт, шалгалтыг зохион байгуулж, нэг ээлжид нийслэлд 150, улсын хэмжээнд 300 цагдаагийн алба хаагч 21:00-03:00 цаг хүртэл, шөнийн эргүүлүүд орой 19:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд ердийн үед энэ төрлийн зөрчил хоногт 120-130 орчим гардаг бол шалгалтын үеэр 180-200 орчим илэрчээ.

Албан байгууллагууд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа ажилтнуудаа нэгдсэн унаагаар хүргэж өгөх, тухайн иргэний ар гэрийнхэн ирж авах, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол нэгийгээ гэрт нь хүргэж өгөх зэргээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох болон осголтоос урьдчилан сэргийлэхийг зөвлөв.