Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тус тус нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэжээ.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн, даргад нэр дэвших 14 хүсэлт ирсэн бөгөөд үүнээс Сугарын Лхагвадорж, Тунсагийн Тэлмэн, Гэрэлтийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал нарыг зургаан хүнийг нэр дэвшүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тус бүрд нь дэмжив.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших дөрвөн хүсэлт ирсэн бөгөөд Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг нэр дэвшүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэгбүрчлэн дэмжсэн юм.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших найман хүсэлт ирсэн бөгөөд Булганы Саруулыг нэр дэвшүүлэхийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд гурван хүн нэр дэвшүүлэх бөгөөд нийт долоон хүсэлт ирсэн байна. Ингээд санал хураалт явуулахад Мягмарсүрэнгийн Буяндэлгэр, Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхийг тус бүрд нь дэмжсэн.
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал хураалтыг мөн явууллаа. Тус зөвлөлийн гишүүнд нэр дэвших гурван хүсэлт ирсэн бөгөөд холбогдох дэгийн дагуу санал хураалт явуулахад Төмөрбаатарын Гарамжүгдэрийг нэр дэвшүүлэхийг гишүүдийн 70.6 хувь нь, Дамдиндоржийн Мягмарцэрэнг нэр дэвшүүлэхийг гишүүдийн 58.8 хувь нь дэмжив.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай болон холбогдох бусад хуульд заасны дагуу УИХ-ын дарга Санхүүгийн зохицуулах хорооны даргад, Сангийн сайд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнд, Монголбанкны ерөнхийлөгч Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн нэг гишүүнд тус тус нэр дэвшүүлэх саналаа Байнгын хороонд ирүүлсэн гэдгийг Р.Сэддорж дарга танилцуулсан.
Эдгээр нэр дэвшигч 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэр дэвшигчийн сонсголд оролцох бөгөөд нэр дэвшигчийн сонсголын дараа тэдгээрийг нэр дэвшигчийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!