Уншиж байна ...
Зураг
Зураг

Ч.Хувьзаяа: Тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар олгох хүсэлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
6 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж, тодорхой шалгуур, үзүүлэлтийг хангасан тээврийн хэрэгсэлд дугаар олгохоор болоод буй. Тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар олгох хүсэлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс авахаар болжээ.

Энэ талаар Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн/ЗХУТ/ дарга Ч.Хувьзаяа "Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 804,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа.

Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэлд шинээр дугаар олгох цахим нээлттэй систем бэлэн болсон. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар авах хүсэлтийг цахим системээр авч эхэлнэ.

Уг системээс тухайн иргэн авто замын төлбөр төлсөн эсэх, торгуулиа төлсөн эсэх, автомашины арлын дугаараар тээврийн хэрэгслийг улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг шалгаж оноо өгнө. Системээс өгсөн онооны дагуу нэг сарын хугацаанд эрэмбэлэгдэж, тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар олгогдох юм.

3.5 тонноос дээш жинтэй бүх ачааны машин, тусгай зориулалтын цистерн, нийтийн тээврийн автобусанд шалгуур үзүүлэлт харгалзахгүйгээр Улаанбаатарын дугаар олгож байгаа" гэв.

Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх
  3. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх
  4. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
  5. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
  6. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх.  /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
  7. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх
  8. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх
  • Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх
  • Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.

Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно.

4.1. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.

4.2. Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохоор болжээ.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулсан орлогыг хуульд заасны дагуу Хүүхдийн төлөө фондод төвлөрүүлдэг. АТҮТ болон ЗТЯ-наас улсын дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах зохицуулалттай байна.

2021 онд тээврийн хэрэгслийн азын болон сонирхол татахуйц улсын дугаарыг дуудлага худалдаагаар зарж, өнөөдрийн байдлаар 22 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө фондод төвлөрүүлжээ.

"Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог хүний оролцоогүйгээр буюу төхөөрөмжөөс "Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв"-ийн систем рүү тэнцсэн, тэнцээгүй хариуг өгдөг болгохоор төлөвлөн ажиллаж байгаа"-г тэрбээр хэллээ.

Импортын тээврийн хэрэгслийн бүртгэл, орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирж байгаа тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинээр байгуулагдаж буй "Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв" хариуцдаг болох юм байна.