Б.Бямбасайхан: Борооны ус хамгийн их тогтдог 10 байршилд ус зайлуулах шугамыг угсарч дууссан
Үерийн ус зайлуулах шугам угсралтын ажлын явцыг танилцуулав.
Энэ тухай Геодези Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан "Улаанбаатар хотод ус хамгийн ихээр тогтдог эрсдэлтэй 19 байршилд энэ жил борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Үүнээс хоёр байршлын ажил цуцлагдсан. Уг хоёр шугамын зураг төсөв нь барилга байгууламжийг дайрсан байсан учир шинэчлэхээр болж, нийт 17 байршилд шугам угсрахаар болсон.
Эдгээр 17 байршлаас 10 байршилд борооны ус зайлуулах шугамыг угсарч дууссан.
Өнөөдрийн байдлаар Хүннү 2222 хорооллын орчимд 330 метр газарт төмөр бетон хоолойгоор борооны ус зайлуулах шугамыг угсарч, явган хүний замын нөхөн сэргээлтийг хийж дуусаж байна. Ингэснээр иргэдэд хүндрэл учруулахгүй болно.
2026 оны 6 дугаар сарын 16-ны өглөө орсон борооноор Хүннү 2222 хорооллын орчимд их хэмжээний ус тогтсон тухай мэдээллийг цахим орчинд тараасан байдаг. Энэ дагуу шалгаж үзэхэд ус тогтоогүй байсан, үүнийг оршин суугчид баталсан бичлэгийг нийтэлсэн байсан. Иргэдэд худал мэдээлэл тараахгүй байхыг уриалж байна. Худал мэдээллийн дагуу онцгой байдлын болон манай байгууллагаас шалгалт хийж хугацаа алддаг юм" гэж мэдээллээ.
Хүннү 2222 хорооллын орчимд их хэмжээний ус тогтсон бичлэг нь 2023 оных байсан гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

