Цагаан ордон АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоцыг ашиглалтаас гаргаж байгааг зарлав
Пүрэв гарагт Цагаан ордны албан тушаалтан АНУ-ын ерөнхийлөгч нарыг сүүлийн 30 гаруй жил тээвэрлэж ирсэн хоёр онгоцны нэгийг ашиглалтаас гаргаж байгааг зарлажээ.
Энэ нь Катарын язгууртнуудын ерөнхийлөгч Дональд Трампад бэлэглэж, нэлээд маргаан дагуулж байсан тусгай тоноглолтой Boeing 747 агаарын хөлөг ашиглалтад орох цаг болсныг илэрхийлж байж магадгүй байна.
“Сайн байлаа. Үнэнч, сайн үйлчлэгч минь. Сүүлчийн нислэг” гэж Цагаан ордны олон нийттэй харилцах албаны захирал Стивен Чун сошиал хуудсандаа бичээд уг онгоцны гэрэл зургийг хавсаргажээ.
Франц улсад зохион байгуулагдсан Их Долоогийн дээд хэмжээний чуулганаас Трамп уг онгоцоор дөнгөж буцаж ирсний дараа тэр ийм мэдэгдэл нийтэлсэн байна.
АНУ-ын төрийн департаментын протоколын албаны тэргүүн Моника Краули мөн уг онгоцны зургийг нийтлээд “Өнгөрсөн шөнө Air Force One хөлгийн сүүлчийн нислэгээр ирсэндээ баяртай байна. Бараг 40 жилийн турш Жорж Х. У. Бушаас эхлээд бүх ерөнхийлөгчийг тээвэрлэж ирсэн билээ. Хамгийн орчин үеийн онгоц биш хэдий ч тухтай унаа байлаа. Ерөнхийлөгч Трамптай хийсэн нислэг бүр үнэхээр онцгой байсан. Баяртай, баярлалаа” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Тусгайлан тоноглосон хоёр ширхэг Boeing 747 нисэх онгоцыг Air Force One буюу ерөнхийлөгчийн агаарын флотын бүрэлдэхүүнд 1990 онд анх ашиглалтад оруулж байсан юм.
Хоёр дахь онгоцны хувь заяа хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.
Катарчуудын бэлэглэсэн илүү тансаг тоноглолтой онгоцыг Трамп ирэх сард Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Рашмор ууланд зочлохдоо хөлөглөж магадгүй талаар NBC суваг өчигдөр мэдээлжээ.
Тавдугаар сард АНУ-ын агаарын хүчний удирдлага Катарын нисэх онгоцны туршилт дууссан, удахгүй ашиглахад бэлэн болохыг мэдэгдэж байсан юм.
Олон зуун саяын өртөгтэй ийм онгоцыг АНУ-ын ерөнхийлөгч гадаад улсаас бэлэгт авах нь зохистой эсэх талаар ёс зүйн томоохон асуудал хөндөгдөж байлаа.
Бас ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөж байв.
Гэвч тэрбумтан ерөнхийлөгч Трамп эхний бүрэн эрхийн үеэсээ л хуучин онгоцнуудаа голж, шинээр солих асуудлыг идэвхтэй ярьж байсан юм.
Катарын бэлгийн онгоцыг Пентагон өнгөрсөн онд хүлээж авсан бөгөөд тухайн үед Трамп ийм бэлгээс татгалзах нь “тэнэг хэрэг” гэж мэдэгдэж байжээ.
Өмнө нь Трамп хоёр ширхэг 747-8 нисэх онгоцыг Boeing компаниас авах гэрээ байгуулж байсан ч нийлүүлэлт нь олон удаа хойшилж, өртөг зардал нь улам өссөний улмаас мухардаад байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

