Эквадорын гэмт хэргийн томоохон бүлгийн толгойлогч нисэх онгоцны буудалд отолтод орсны улмаас алагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америк тивийн Эквадор улсын хамгийн аюултай гэмт хэргийн бүлгүүдийн нэгний толгойлогч тус улсын хамгийн том хот Гуайакиллийн нисэх онгоцны буудал дээр отож байсан хүмүүст буудуулж алагдсаныг албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Хяналтын камерын бичлэгээс чихмэл тоглоом, цэцгийн баглаа барьсан хоёр залуу хохирогчид ойртож очсоныхоо дараа чихмэл бамбаруушны араас гар буу гаргаж ирээд тулган буудсан нь харагдсан байна.

Цагдаа нар сүүлд уг аллагын сэжигтнүүд болох өсвөр насны залуусыг баривчилжээ.

Уг аллагаас ердөө нэг өдрийн өмнө Эквадорын ерөнхийлөгч 10 мужид онц байдал тогтоож буйг зарласан бөгөөд тэдгээрийн нэг нь хэрэг гарсан Гуайас муж байсан юм.

Лхагва гарагт болсон аллагын хохирогч нь 39 настай Карлос Альберто Суастеги Виллануэва байсныг Эквадорын дотоод хэргийн сайд Жон Рэймбэрг мэдээлжээ.

Тэрбээр Гуайас мужийн зүүн бүсийн Эль Триунфо нутгаас гаралтай Лос Агилас гэмт хэргийн бүлгийн толгойлогч юм байна.

Хар тамхины наймаанд гүнзгий оролцоотой тус бүлгийг Эквадорын ерөнхийлөгч Даниэл Нобоа 2024 онд “террорист байгууллага” ангилалд оруулснаа зарлаж байжээ.

Нэгэн үе тайван амгалан байдлаараа алдартай байсан Эквадор улс сүүлийн жилүүдэд олон улсын хар тамхины наймааны дамжин өнгөрөх чухал цэг болсноор аллага, хүчирхийлэл гаарсан юм.

Үүнд гол нөлөө үзүүлсэн гэмт хэргийн хэд хэдэн бүлэглэл байдгийн нэг нь Лос Агилас байжээ.

Дэлхийн хамгийн том кокайн үйлдвэрлэгчид болох Колумб, Перу улсуудын дунд оршдог Эквадор бас АНУ, Европ болон бусад бүс нутагт хар тамхи хууль бус аргаар гаргах гол зам болоод байгаа.

Хэдийгээр Гуайакилл хот гэмт хэрэг, хүчирхийллээрээ алдартай ч нисэх онгоцны буудлын ирэгсдийн танхимд өдрийн цагаар гарсан дээрх аллага Эквадорын нийгмийг цочроосон юм.

Аллагын үеэр танхимд байсан нэг зорчигч бууны суманд шархадсан байна.

Тус улсын ерөнхийлөгч Нобоа хүчирхийллийг дарахын тулд онц байдал зарласнаар хууль хүчнийхэнд сэжигтэй байгууламжуудад прокурорын зөвшөөрөлгүйгээр нэгжлэг явуулах гэх мэт нэмэлт эрхүүдийг олгож байгаа.

Гэвч түүний хүчин чармайлтаас үл хамааран 2025 онд Эквадорт аллагын түвшин түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн юм.

 

Эх сурвалж: Associated Press