Робин Гүүдийн домогтой холбоотой Шервүүдын ойд байдаг 1,200 жилийн настай мод үхсэнийг зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Робин Гүүдийн домогтой холбогддог эртний аварга том царс мод үхсэнийг Их Британийн Шувуудыг Хамгаалах Хааны Нийгэмлэг өчигдөр мэдэгджээ.

Английн Ноттинхэм гүнлэгийн нутагт, Шервүүдийн ойд байдаг 1,200 жилийн настай Мэжор нэртэй уг мод энэ хавар нахиалаагүй юм байна.

Сүүлийн хэдэн жилийн турш энэхүү мод устах аюултай болсон талаар мэдээлэл цацагдаж байсан ч мэргэжлийн байгууллага эцэслэн баталсан нь энэ юм.

“Энэ жил Мэжор нахиалаагүй нь хүн бүрийн зүрхийг шимшрүүлж байна” гэж Шувуудыг Хамгаалах Хааны Нийгэмлэгийн төлөөлөгч Холли Дрэйк мэдэгджээ.

Баячуудын эд хөрөнгийг ядууст тараадаг байсан гэгддэг 13 дугаар зууны дээрэмчин Робин Гүүд энэ модны хонгилд толгой хоргодож байсан гэх домог яриа байдаг.

1790 онд хошууч Хэйман Рүүкийн бичсэн царс модны тухай номд дурдагдсаны дараа уг модыг зүглэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байжээ.

Модны үхэлд түүнийг үзэх гэсэн олон сая хүний хөл хөдөлгөөн, бас уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөн байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Шервүүдийн ойгоос 18 дугаар зууны сүүл, 19 дүгээр зууны эхэн үеийн нэрт далайн аялагч, дэд адмирал Хоратио Нэлсоны хөлгүүдийг бүтээх модыг бэлтгэж байсан гэдэг. Бас Лондон хотын Гэгээн Полын цогчин дуганы дээврийг уг ойгоос бэлдсэн модоор босгож байжээ.

Харин Мэжор царсыг 1970-аад оны үеэс хамгаалалтад авч, хашаагаар хүрээлсэн юм байна.

“Мэжор царс нь Шервүүдийн ойн зочдын үзмэр болон үлдэж, Робин Гүүдийн домогт амьдарсан хэвээр, ойн экосистемд дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж Дрэйк мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press