Уншиж байна ...
Зураг
Зураг

НДЕГ: Ажилгүйдлийн тэтгэмжийг 2025 оны нэгдүгээр сард багтаан бүрэн олгохоор ажиллаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
Өнөөдөр 13 цаг 41 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ажилгүйдлийн тэтгэмж авахаар материалаа бүрдүүлж өгөөд сар гаруй болж байхад тэтгэмж нь ороогүй асуудлаар нэгэн иргэн манай редакцад хандлаа. Тэрбээр харьяа дүүргийнхээ холбогдох албанаас шалтгааныг нь асуухад " Санхүүжилтгүй болсон" гэх хариуг өгчээ.

Иймд НДЕГ-аас үүсээд буй нөхцөл байдлыг тодруулахад "2024 оны эхний 11 сарын байдлаар 28,433 даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжид 128.8 тэрбум төгрөг олгосон.

Даатгуулагчид ажлын 76 өдрийн ажилгүйдлийн тэтгэмж олгодог бөгөөд уг тэтгэмжийг хуваарийн дагуу гурав хуваан олгож байна. 

График, Ажилгүйдлийн тэтгэмж авагчийн тоо ба олгосон мөнгөн дүн, сая төгрөгөөр, 2021-2023 он

2024 оны аравдугаар сарыг дуусталх хугацааны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага бүрэн олгосон. Харин 2024 оны 11, 12 дугаар сарын хуваарьт тэтгэмж бага зэрэг саатаж байна. Энэ нь ажил олгогчид хуулиар тогтоосон хугацаанд шимтгэлээ төлөхгүй байгаатай холбоотой байна. 

Нийгмийн даатгалын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулж, орлогыг өдөр бүр тооцон холбогдох аймаг, дүүргүүдэд хуваарилж байгаа бөгөөд 11, 12 дугаар сарын хуваарьт тэтгэмжийг 2024 оны арванхоёрдугаар сар, 2025 оны нэгдүгээр сард багтаан бүрэн олгохоор ажиллаж байна" гэсэн юм. 

Одоогоор байдлаар 37 мянган ажил олгогч нийтдээ 510 тэрбум төгрөгийн шимтгэлийн өртэй байгааг тус газраас мөн мэдээлэв.

Ямар тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авдаг вэ?

Даатгуулагч нь дараах болзлыг хангасан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.

  • Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх
  • Үүнээс сүүлийн есөн сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх.
  • Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
  • Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн гурван сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас дараах хувь, хэмжээгээр тооцож, ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 45%
5-10 хүртэл жил 50%
10-15 хүртэл жил 60%
15 ба түүнээс дээш жил 70%

Ажил олгогч НДШ-ийг хугацаанд нь төлөхгүй байснаар үүсэх эрсдэл 

  • тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байх
  • жирэмсэн, амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн эрх үүсэхгүй байх
  • төрийн болон хувийн байгууллагын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чадахгүй байх
  • банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн үйлчилгээ авах боломжгүй болох
  • ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүсэхгүй байх
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн эрх үүсэхгүй байх
  • тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ буурах зэрэг эрсдэлийг даатгуулагчдад үүсгэдэг байна.