Уншиж байна ...
Зураг
Зураг

Э.Батшугар: Хүмүүсийн сайн мэддэг Монголбанкны хар жагсаалтыг бүрэн арилгах хуулийн төсөл өргөн барилаа

Н.Эрхбаяр, iKon.mn
6 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зээлийн мэдээллийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүмүүсийн сайн мэддэг Монголбанкны хар жагсаалт гэх санхүүгийн ял үүрүүлдэг тогтолцоог бүрэн арилгаж байгаа. Харин эсрэгээрээ санхүүгийн сахилга баттай иргэдийг урамшуулдаг тогтолцоо руу явж байна. 

Хар жагсаалтын тогтолцоог арилгаснаар зээлийн хүү нийтээрээ буурах нөхцөл байдал үүсэх юм. Зээлдэгчийн онооны систем руу орж, эрсдэлийг үнэлээд бага хүүтэй зээл олгох бололцоог нээж өгнө.

Энэ нь шинэ зүйл биш. Санхүүгийн зах зээл хөгжсөн ардчилсан улс орнууд энэ тогтолцоогоор явдаг. Жишээлбэл 1989 онд АНУ зээлжих зэрэглэлийн онооны систем руу шилжсэн. Үүнээс өмнө зээлийн хүү 10.5 хувьтай байсан бол зээлдэх зэрэглэлийн тогтолцоо руу шилжсэнээр 8.5 хувьтай болсон. Солонгос улс 2000 оны эхээр дээрх тогтолцоо ороод 9.3 хувьтай байсан зээлийн дундаж хүүг 6.5 хувьд хүргэсэн. 

Тэгэхээр зээлжих зэрэглэлийн онооны систем рүү орсноор зээлийн хүү дунджаар 2-4 хувиар буурах суурь нөхцөл бүрдэнэ. Мөн заавал урьдчилгаа төлбөр шаардахгүй байх санхүүгийн тоглолцоо үүсэж байгаа гэж болно. Жишээлбэл санхүүгийн сахилга баттай 30 настай иргэн ипотекийн зээл авах гэж байгаа бол 20-30 жил ажиллах боломжтой гэж тооцоолоод заавал урьдчилгаа төлбөр өгөхгүйгээр зээлд хамрагдах юм. 

Монголбанк 100 жилийн ойдоо зориулж хар жагсаалтад орсон хүмүүст нэг удаад өршөөл үзүүлсэн. Гэхдээ нэг байгууллагын ойгоос хамаарч өршөөл үзүүлдэг тогтолцоог бүрэн арилж байгаа. Зургаан жилээр санхүүгийн ял үүрүүлж хар жагсаалтыг байхгүй болгоно.

Хуулийн төслийг өнөөдөр өргөн барьсан, процессыг хурдан явуулахыг хичээнэ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэзээ хэлэлцэхийг шийднэ" хэмээн ярилаа.