МАН-ын бүлэг Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын хэлэлцээр болон "Орано майнинг"-тай байгуулах гэрээг хэлэлцэхийг дэмжив
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон бусад асуудлын талаар хэлэлцжээ.
Хуралдаанаар Монгол Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжиж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолд:
- Бүтээн байгуулалтын болон олборлолтын бүхий л үе шатанд Монголын аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх,
- Төмөр замын ачаа тээвэрт хоёр тал тэгш эрхтэй байх,
- Монгол Улсын бусад компаниудын ачааг тээвэрлэх боломжтой байх гэдэг саналуудыг тусгах нь зүйтэй гэж бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн байна.
Ийнхүү төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
