Уншиж байна ...
Зураг
Зураг

Итали дахь АНУ-ын Элчин сайдаар тэрбумтан Тилман Фертиттаг томилсноо Трамп зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 16 цаг 29 минут
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болсон Дональд Трамп NBA-гийн "Хьюстон Рокитс" багийн эзэн, тэрбумтан Тилман Фертиттаг Итали дахь Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлжээ.

Өнгөрсөн Бямба гарагт Д.Трамп тэрбумтан эрийн талаар "Манай улсын үл хөдлөх хөрөнгийн томоохон компанийн нэгийг байгуулж, 50,000 орчим америкчуудыг ажлын байраар хангасан чадварлаг бизнесмэн" гэж тодотгосон байна.

Т.Ферттитта 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Трампын томоохон хандивлагч нарын нэг билээ. Тэрбээр Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн багаас гадна Хьюстоны Их Сургуулийн захирлуудын зөвлөлд ажилладаг.

Д.Трампын засаглалын үед спортын салбарынхнаас Элчин сайдаар томилогдож байгаа анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь Америк хөлбөмбөгийн "Нью Йорк Жетс" багийн хувьцаа эзэмшигч Вуди Жонсон Англид улсаа төлөөлөн дипломат албанд ажиллаж байв.

Тэгвэл Америк хөлбөмбөгийн дээд лиг NFL-д чамгүй амжилт гаргасан, хожим улс төрч болоод 2022 оны Сенатын гишүүнд нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй Хершель Уолкерыг Бахамын арлуудад суух элчингээр нэр дэвшүүлсэн бол өнгөрсөн сард мэргэжлийн бөх буюу WWE холбооны гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Линда МакМахоныг боловсролын сайдаар томилсон юм.

Өмнө нь Ерөнхийлөгч Барак Обамагийн үед "Питсбург Стилерс"-ийн эзэн асан Дэн Рүүни АНУ-аас Ирландад суух Элчин сайдаар ажилласан түүхтэй.

Д.Трампын хувьд спортын салбарын бизнесмэнүүдтэй давгүй холбоотой ч NBA-гийн төлөөлөгчидтэй учраа олохдоо тааруухан.

2020 оны наймдугаар сард Жорж Флойдын амь насыг цагдаа нар хохироосны дараа лигийн тоглогчид эсэргүүцлээ илэрхийлсний дараа Д.Трамп тэднийг "Тэнэгүүд" гэж цоллож байв.

Түүнчлэн лигийн нэртэй дасгалжуулагч нар болох Грэг Попович, Стив Керр, Док Риверс нар сүүлийн найман жил түүнийг эсэргүүцдэг гэдгээ ил тод илэрхийлсэн. 

Лигийн комиссар Адам Силвер болон дэд комиссар Марк Татум нар өнгөрсөн сонгуулиар Камала Харрист хандив өргөснийг эх сурвалж баталдаг.

Т.Фертиттагийн удирдлага дор "Хьюстон Рокетс"-ын ерөнхий менежерээр ажиллаж байсан Дэрил Морэй 2019 оны аравдугаар сард Хонконг дахь ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаалыг олон нийтийн хэрэгслээр дамжуулан дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн удаатай.

Д.Морэйгийн "Хонконгтой хамт байна" гэсэн жиргээ нь хоёр орны харилцаанд хүртэл сэв суулгасан юм. Энэ асуудлаас болж NBA-г эсэргүүцэх хөдөлгөөн Хятадад эрчээ авсан. 

Санхүүгийн гол эх үүсвэрээ алдахаас эмээсэн лигийн удирдлагууд байдлыг намжаахын тулд шат дараатай арга хэмжээ авч байв.

 

Эх сурвалж: sportico