НИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар "Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв" ОНӨААТҮГ байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Уг төвийн тухай Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Улаанбаатар хотын авто замын дундаж хурд жил ирэх тусам удааширч байгаа нь улс эх орны эдийн засаг, байгаль экологи иргэдийн эрүүл мэнд, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна.
Хуульд заасны дагуу Зам тээврийн сайдын тушаалаар "ЗХУТ" ОНӨААТҮГ-тай Улаанбаатар хотын харьяалалтай тээврийн хэрэгсэлд шинээр дугаар олгох, орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийг нийслэлд шилжин ирэхтэй холбоотой бүртгэл хөтлөхийг хариуцуулж, гэрээ байгуулж ажиллаж байна.
"Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв" ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагуудтай хамтран зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Дээрх шийдвэрүүдийн зорилго нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлд нөлөө үзүүлж буй тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоож, замын хөдөлгөөнийг ачааллыг багасгах ба энэ хугацаанд замын сүлжээг шинээр байгуулах, өргөтгөж түгжрэлийг бууруулах юм" гэж уншиж, танилцууллаа.
Тэрбээр төлөөлөгчийн асуултад хариулахдаа "Өмнө нь тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар олгоход шалгуур үзүүлэлт байгаагүйгээс иргэд болон зарим автомашин борлуулагч нар дугаарыг бөөндөж авч, дамлан зарах асуудал байсан.
"Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв"-ийг нийслэлд шилжүүлж авснаар замын түгжрэлтэй уялдуулан программ хангамж, бүртгэлийн системийг хөгжүүлж, шаардлагатай мэдээллүүдийг гаргаж авдаг болж байгаа.
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоож, улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийг нээлттэй болгосон нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дамлан зарах асуудлыг зогсоож байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!