Зураг
Зураг
Индэр    
Өнөөдөр 9 цаг 51 минут
Зураг
Судлаач проф.

Аваар ослын байдалд өвөлждөг–дуусашгүй!

Зураг
  • Манай үе үеийн Засгийн газрууд чөмгөө дундартал ажилладаг. Сайд дарга нар, улс төрчид нь шар махтайгаа хатдаг, хүлээн зөвшөөрч байна. Амласнаа, зориглосноо хэрэгжүүлж чаддаггүй, эсвэл амждаггүй байсаар халаагаа өгдөг.
  • Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тул нийслэл хотыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлдэг.

Мартчихаагүй байна, би л лав. Тод санаж байна. Мөрөөдөж байна. Багцаагаар 15 жилийн өмнөх эвслийн Засгийн газрын шийдвэр. Сайншандад аж үйлдвэрийн парк-хот байгуулах. Хөгжил дэвшилд нэн хэрэгтэй хамтын шийдвэр гаргалаа гэж сайрхаж, тэр парк руугаа нийслэлээс 300 мянган хүн амыг нүүлгэн шилжүүлж шинэ хот үүсгэх тухай ам уралдан ярьцгааж байв. Улаанбаатараас гадна Монголд хоёр дахь том хот буй болгох тухай мэргэн санааг бид цөхөртлөө хүлээгээд 15 жилийг ардаа орхижээ.

Ард түмнийг, нийслэлчүүдийг шаналган хүлээлгэж буй энэ шийдвэрээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон халхавч дор шүүрч аваад хэрэгжүүлчхэж болдоггүй юм уу? Арван хэдэн жил нийслэлчүүд аваар ослын байдалд, гамшгийн өмнөх нөхцөлд, эсвэл хорт утааны гамшиг дор өвөлжиж байгааг 2025 оноор төгсгөл болгочих зүрх зориг алга уу Та нарт хэмээн эвслийн ээлжит Засгийн газарт хандуулан асуулт тавьж ам асууя.

Сайншандад аж үйлдвэрийн парк-хот байгуулах тухай бэлээхэн улс төрийн хамтын шийдвэр, тооцоо судалгаа, ТЭЗҮ, ард түмний хүлээлт байгааг шүүрч аваад хэрэгжүүлчих улс төрийн зориг Та нарт алга уу?

Миний өмнөх нийтлэлийн дор ийм нэг сэтгэгдэл явна лээ. “Тэгээд 1.6 сая хүн нэг жалганд пиг жихчихээд өдөр бүр түгжирч стрессдээд 20 жил утааны хэрүүл хийж байна. Ийм улсын удирдлагууд энд тэнд гуйлга гуйж явахаар хэн тааламжтай найрсаг хандхав. Тэрийгээ нэг их сүрхий ажил хийж байна гэж санан сонин хэвлэлээр бөмбөгдөнө, шившгийн” гэжээ.

Миний бичдэг бол тун энгийн юм шүү дээ, цаанаа. Энэ нийслэл чинь ачааллаа огтоос даахгүй болжээ. Ачаалал даалгах төр-засгийн бүх бодлого чармайлт зөвхөн ганцхан өвлийг эсэн мэнд давахад л чиглэж байна. Нийслэлүүдийг бослого самуунд хүргэчихгүй аргацаахад л чиглэж байна. Ердөө нуман тулгуурт аваар ослын байдалд өвөлжүүлж байна.

Цус харвах шахсан хэдэн сайд нар УИХ дээрээ өөрсдийгөө зөвтгөхөөс өөрөөр юу ч хийж чадахгүй байна. Хөөрхий эхнэр хүүхэд нь жаргаж суудаг бол утаа түгжрэл, эрчим хүч, эрүүл мэнд хариуцсан сайд нар чинь яг цус харвахын даваан дээр байна. Өрөвдмөөр.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Утааг монгол хүн л тарьдаг. Энэ бол тун энгийн логик. Түгжрэлийг монгол хүн л тарьдаг. Мод тарьдаг шигээ гай зовлонгоо монгол хүн өөрсдөө тарьдаг.

Иймд миний дэвшүүлсэн санаа бол нийслэлээ задла аа, тараа, нүүлгэ. Бэлээхэн Сайншанд нийслэлчүүдийг угтан авахад бэлэн байхаар улс төрийн шийдвэрийг С.Баярын Засгийн газар гаргачихсан (сайд нар Х.Баттулга, Л.Гансүх, цаашаа хэн хэн ч билээ) байнаа, түүнийг хэрэгжүүлээд одоо 300 мянган иргэдээ Дорноговь аймаг руу нүүлгэе ээ. Ерөнхийлөгчийн дараагийн ээлжит ажлын уулзалт мэдээж дахиад л утаанд төвлөрвөл аймгуудын Засаг дарга нар, ИТХ-ын дарга нарыг байлцуулж байгаад нийслэлээс унаган уугуул иргэдээ татаж авч аймгаа бэхжүүлж хөгжүүлэх хатуу үүрэг даалгавар өгүүлмээр байна санж. Улаанбаатар хотын дарга нар утааны өмнө 75-аар бууж өгч цагаан туг өргөхийн босгон дээр байна. Тэд хүн юм чинь шаналж байна, бас л цус харвахын босгон дээр эрүүл мэнд тархи нервээ сүйтгэж явна. Иймд тэдний зовлонг нийт 21 аймагтаа тараан үүрүүлж улс хотлоороо нийслэлийн хэт ачаалал, утаа, түгжрэлтэй тэмцье!

Ийм л саналыг би улиг болтол бичээд байна. Бичсээр ч байх болно. “Хэвийн түвшнээс 25 дахин их утаатай орчинд улаанбаатарчууд амьдарч байна” гэсэн нийтлэл сайтад тавигджээ. Тэнд бичсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгаа бөгөөд цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахыг шаардлаа гээд тоо баримт дурджээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. ДЭМБ-аас тогтоосон утааны дээд хэмжээнээс Улаанбаатар хот 4 дахин их хэмжээний утаатай байна. Тогтоогдсон хэвийн түвшнээс даруй 25 дахин их утаатай орчинд нийслэл улаанбаатарчууд амьдарч байна. Жилээс жилд утаанаас үүдэлтэй, амьсгалын замын өвчлөлөөр иргэд хэдэн зуугаараа нас барж байна. Жилд дунджаар нас барж буй хүмүүсийн 15% нь бага насны хүүхдүүд байна гэжээ. Цааш нь эшлэхээ больё.

Аваар ослын байдалд, гамшгийн өмнөх нөхцөлд, хорт утааны гамшиг дор өвөлждөг энэ тамд эцэс төгсгөл гэж байна уу? Мөнхөд ийм байж дараагийн бүх Засгийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдал өвөл болгон зарласаар XXI зууныг туулах уу? Онц байдал хаяанд ирчихсэн юм биш үү?  Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гээд байгаа чинь жинхэнэ ТАМ юм биш үү? ДИВААЖИН-гаа болъё. Зүгээр л ТАМ-аасаа салъя!