Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарыг 5.2-1.1, 5.2-1.2, 5.2-1.3, 5.2-1.4 дэх хэсгийн олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэмээн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оноосон.
Намын даргыг нь баривчилсанд гишүүд нь бухимдаж өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд цугларсан юм.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан, тэргүүн дэд дарга П.Шинжээравдан, дэд дарга Г.Солонго, М.Уранчимэг болон А.Отгонбаатарын эхнэр Ч.Ундрахтуул нар мэдээлэл хийв.
Энэ талаар Ч.Ундрахтуул "Миний нөхрийг баривчилсантай холбоотойгоор Хууль зүйн сайд О.Алтангэрэл болон шүүх, цагдаагийн байгууллагад хандах хэд хэдэн шаардлага байна.
Боловсролын сайд П.Наранбаяр нь 45 хоногийн хугацаатай курсэд суусан хүнд багшлах эрх олгоё гэсэн журам баталсан. Үүнийг эсэргүүцэж өндөг шидсэн хэргээр долоо хоног баривчиллаа.
Гэтэл төрийн тусгай хамгаалалт нэрийн дор хүн зодсон ХҮН намын Т.Отгонбаатарт ямар ял шийтгэл оноосон бэ, энэ хүн төрийн тусгай хамгаалалттай газар хүний биед халдсан, олон нийтийн сүлжээгээр хийсэн үйлдэл нь ил тод байхад ямар нэг шийтгэл оноосонгүй. Зодсон нь төрийн ордонд ордог, зодуулсан нь шорон руу ачигддаг нийгэм бий боллоо.
Хоёрдугаарт цагдаагийн алба хаагчид үүргээ гүйцэтгэж байна гэсэн нэрийн дор бусдыг зодож цохиж болдог юм уу. Төрийн цагдаад ёсзүй хэм хэмжээ байх ёстой. Ийм алдаа гаргасан хууль сахиулагчид ямар хариуцлага тооцох вэ.
Манай нөхөр барьж хорилоо гээд дуугүй болох хүн биш. Харин манай улсад өндөг шидэхэд хорих ял оноох хууль эрхзүйн орчинтой юм бол дарангуйлал бий болж байна гэж үзэж байна.
Тиймээс цаашдаа Үнэн ба Зөв намын эмэгтэй гишүүдтэй хамтарч, нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийн эсрэг дуугарч, тэмцэнэ гэдгээ илэрхийлье" гэж ярьсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!