Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Отгонбаатарт хариуцлага тооцох уу?

П.Зоригт, IKON.MN
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайд руу өндөг шидсэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. 

Тодруулбал "Чадварлаг хүмүүсийг боловсролын салбар руу татан оруулахын тулд сургалт зохион байгуулж, гэрээт багшаар ажиллах эрхийн гэрчилгээ олгох" тухай Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр мэдэгдсэн. 

Үүнтэй холбоотойгоор Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар эсэргүүцлээ илэрхийлэхдээ бусдын биед халдсан билээ.

Мөн цахим орчинд "Боловсролын яамтай чинь хамт шатаана", "Буунд эрх чөлөө, шударга ёс тогтдог гэж еврейчүүдийн үг бий" зэргээр заналхийлсэн агуулгатай дүрс бичлэгээ нийтэлжээ. 

Түүний энэ үйлдэл хууль зөрчиж байгаа эсэх талаар хуульчаас тодруулахад дараах зүйл заалтын дагуу хариуцлага тооцох үндэслэлтэй гэж хэллээ. 

Эрүүгийн хууль: 

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. 

19.3 дугаар зүйл.Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах

1.Монгол Улсын төр, засгийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн өндөр албан тушаалтны эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.2 дугаар зүйл.Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах

1.Терроризмын суртал ухуулга явуулсан, эсхүл түүнийг дэлгэрүүлсэн, эсхүл террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, эсхүл олон нийтийн өмнө зөвтгөсөн, эсхүл бусад этгээдийг хатгасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.