Меделлиний картелын үүсгэн байгуулагчдын нэг 20 гаруй жил АНУ-ын шоронд хоригдсоны эцэст төрөлх эх орон Колумб улсдаа буцаж иржээ.
Одоо 67 настай Фабио Очоа Васкесыг өчигдөр Богота хотын нисэх буудалд Колумбын албаныхан тосож авсан байна.
Тэрбээр цуутай гэмт хэрэгтэн Пабло Эскобар агсны шадар хүмүүсийн нэг байжээ.
1993 онд Эскобарыг алагдах хүртэл Меделлин хотын картел нь кокаины худалдааг атгаж, Колумб улсын төрийн эсрэг аллага хядлага явуулж байв.
Очоаг газардмагц Колумбын цагаачлалын албаныхан хурууны хээг нь авсны дараа явуулсан байна.
Дараа нь тэр төрөл садныхантайгаа болон төрсөн ганц охинтойгоо уулзжээ.
Колумбын хууль хүчнийхэн Очоаг 1999 онд бусад 30 хүний хамт баривчилж, 2001 онд АНУ-д шилжүүлж өгсөн юм.
Өмнө нь тэр Эскобарын үед хийсэн хэргийнхээ төлөө Колумбын шоронд хоригдож байгаад 1996 онд суллагдаж байжээ.
Гэвч сүүлд дахин кокаины наймаанд оролцож яваад баригдсан байна.
1997-1999 онуудад дунджаар сар бүр 30 гаруй тонн кокаин АНУ-д хууль бус замаар нэвтрүүлсэн хэргээр Очоа 2003 онд 30 жилийн хорих ял сонсож байжээ.
Колумбын хоёр дахь том хот Меделлиний нэрээр нэрлэгдсэн Эскобарын картел 1980-аад оны үед АНУ-ын зах зээлд нийлүүлэгддэг кокаины 80 хувийг атгадаг байсан юм.
Хар тамхины гэмт хэрэгтнүүдийг АНУ-д шилжүүлж өгдөг явдлыг зогсоохын тулд Эскобар орон даяар томоохон террорист ажиллагаанууд явуулж байлаа. Энэ нь үр дүнд хүрч Колумб, АНУ-ын засгийн газрууд байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтийг хэсэг хугацаанд зогсоосныг 1997 оноос эхлэн дахин сэргээж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!