Уншиж байна ...
Зураг
Зураг

Утааны сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-нд явуулахаар тогтов

А.Ням-Өлзий, iKon.mn
Өнөөдөр 9 цаг 19 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг томилсон. Тэрбээр "Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан тоонд хүрсэн тул 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Ажлын хэсгийнхэн сонсголын хугацааны тухайд олон талаас нь ярилцсан. Сонсгол хийх  болон бусад зохион байгуулалтын ажлуудын явцыг тодорхой ярилцаад иргэдийн дунд санал асуулга явуулах, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэдийг сонсголд өргөнөөр оролцуулах боломжийг хангах зэрэг арга хэмжээнүүдийг авахад, хамгийн богино хугацааг тооцохоор нэгдүгээр сарын 23-ны өдөр болж байгаа юм. Үүнээс нааш зохион байгуулах боломжгүй байна. Мөн ажлын хэсгээс энэ хугацаанд утааны бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, энэ чиглэлийн бодлого, шийдвэрүүдийн үр дүн, технологийн шийдэл гэх зэрэг чиглэлээр дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг баримт нотолгоонд тулгуурлаж явуулах, цаашлаад шинжээч нэмэх шаардлага ч үүсэж болзошгүй байгааг харгалзан хугацааг хоёрдугаар сард явуулахаар тохирсон. Түүнчлэн утааны сонсголыг нийслэл хотоор хязгаарлалгүй, Монгол Улсын хэмжээнд асуудлыг тавьж хөндөнө" гэв. 

Байнгын хорооны тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл” сэдвээр, зохион байгуулах, мөн уг сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр явуулахаар тусгасан байв. Ингээд уг тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  78.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолын төсөлд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, А.Ганбаатар нарыг нэмэхээр тусгасан байна.