ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Оросууд "ДЦС-3"-ын төслийг тулгаагүй. Манай талаас хамтраад хэрэгжүүлье, экспортын зээл өгөөч гэсэн

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 24
iKon.MN

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Улсын түвшинд дулаан, эрчим хүчний нийлүүлэлтийн дутагдалтай байдал маш хүнд буйг ойлгож байгаа. Гэхдээ хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм шиг цаанаасаа хийлгэх компанийг нь зааж өгөөд, өндөр өртгөөр төсөл хэрэгжүүлнэ гээд ороод ирдэг. Хэрэгцээтэй байгаа нь үнэн, гэхдээ аманд нь орсон зүйл байна уу. 

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төслийг "Интер РАО" ХНК хийх гэж байна. Танилцуулгаас харахад Оросын талаас энэ компанийг сонго гэжээ. Сонгон шалгаруулалт, өрсөлдөөн гэдэг зүйл байснаар аль компани илүү хариуцлагатай, технологитой байх тухай олон улсын гэрээ хэлэлцээр харилцан яриа хийж шийдэгддэг.

Шууд тулгаж байгаа нөхцөл харагдаад байна. Дотоодын тендерт "Интер РАО" ХНК-аас өөр компани орсон уу. Зураг төсөл боловсруулах явцад захиалагчийн хяналтыг хэн хийх вэ. Манайхан өөрсдөө хийвэл тал үнээр нь хоёр жилээр богино хугацаанд барих боломжтой гэсэн.

1.5 тэрбум еврогийн зээлийг манай талаас рублээр хийе гэх санал тавихад Оросын тал ямар хариу өгсөн бэ. Орос, Монгол хоёр хоорондоо төсөл хэрэгжүүлж байхад яагаад еврогоор хийх ёстой юм. 

Үйл ажиллагааны хэрэгжүүлэх дараалал их эвгүй байна. Эхний ээлжид захиргааны барилгыг буулгаад 50 МВт-ыг барина. Дараа нь 48 МВт-ыг буулгаад 250 МВт-ыг барина гэж байна. Тэгэхээр нийлүүлэлт 2 МВт-аар нэмэгдэхээр байна. Анхнаасаа 100 МВт-аар нэмж болохгүй юу" хэмээн асуув. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Манай улс хоёрхон хөрштэй. ОХУ-аас заавал үүнийг хэрэгжүүлье гээд тулгаад байгаа зүйл байхгүй. Манай талаас танайтай хамтраад хэрэгжүүлье, экспортын зээл өгөөч гэсэн. Экспортын зээл өгөхөөр өөрийнхөө компаниудын дунд тендер зарладаг. 

Аманд нь ороод байгаа зүйл байхгүй. Бидний байгаа царай энэ. Төсөв дээрээ хуримтлалтай байсан бол хүнээс мөнгө гуйхгүй барьчихна. 

Би рублээр зээл авъя гэж бодож байсан, гэхдээ төвөгтэй зүйл. Санхүү талаас нь аваад үзвэл ОХУ хөгжингүй орон биш. Хятад тогтвортой эдийн засагтай орон. Рублээр хийвэл янз бүрийн эрсдэл гарч ирнэ. Тиймээс аль нэг нөөцийн валютаар хийвэл илүү эрсдэлгүй болох болов уу. 

Байгаа газрынх нь хэмжээнд энэ зураг төслийг хийсэн. "Интер РАО" ХНК зураг төсөв боловсруулсны дараа эцсийн үнэлгээн дээр тохирч чадвал санхүүжүүлэлтийн гэрээний тухай яригдана.

Чадахгүй бол энэ шатанд ажил зогсоно. Ажлын даалгаврыг "ДЦС-3" боловсруулаад Эрчим хүчний яам бодлогын дэмжлэг үзүүлж байгаа. Хэрэв ОХУ-тай үнэ тохирч гэрээ явбал зөвлөх үйлчилгээнд тусад нь тендер зарлана.

Ийм өндөр үнээр шахаа авахгүй, буулга гэдэг. Гэтэл зураг, төсөв хоёроо хийчихье, бүх туслан гүйцэтгэгчийн хооронд тендер зарлаад тодорхой болгох саналыг Оросын тал тавьсан. Тиймээс манайх зураг төсөв хийгээд үзье гэдэг зүйл дээр явж байна. Би Эрчим хүчний сайд байх үедээ ийм өндөр үнэтэй гэрээг хийхгүй" хэмээн ярилаа.

Мөн тэрбээр "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийг Эгийн голын УЦС-тай шууд холбож хэрэггүй байх. Орос бол манай улсын мөнхийн хөрш. 

"ДЦС-3" дээр асуудал суугаагүй байхад дахиад Эгийн голын УЦС-тай холбовол улс төрийн болон хоёр улсын харилцааны хувьд дэмий. Төслүүд тус тусдаа байвал зүгээр байх. Аль нэг төслийг хэрэгжүүлэхийн тулд нөгөө төслөөр татаас өгөх байдлыг Засгийн газар баримтлахгүй байгаа" хэмээн нэмж хариулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
69
Зураг
ТЭНЭГЛЭЛ
20
Зураг
ХАХА
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
125 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг