Зураг
Зураг
Индэр    
2024 оны 10 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Тоног төхөөрөмжүүд нь элэгдэж, ажилтнуудынхаа чадвараар "амь зогоож" буй "ДЦС 3" энэ онд ₮14.6 тэрбумын алдагдал хүлээнэ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тоног төхөөрөмж нь хуучирч элэгдсэн, ажилтнууд нь ажлын орчин, цалиндаа сэтгэл хангалуун бус байгаа зэрэг нь Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц(ДЦС 3) ТӨХК-ийг эгзэгтэй нөхцөл байдалд аваачиж буй.

Асуудлын уг шалтгаан нь цахилгаан, дулааны үнийг төрөөс хүчээр барьсантай холбоотой. Тодруулбал тус станц нэг Гкал дулааныг 24,683 төгрөгөөр үйлдвэрлээд 7,215 төгрөгөөр хэрэглэгчдэд зардаг

Ингэснээр 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр тэд 14.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"ДЦС 3"-ын ерөнхий инженер Н.Чимэддорж "2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглолууд 120 хоног тасралтгүй ажилласан. Ямар ч бэлтгэл тоноглолгүй. Зууханд 60, турбинд 45 хоноод урсгал засвар хийх ёстой байдаг ч энэ засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцсон. 2024-2025 оны өвлийн ачаалалд мөн л энэ байдал давтагдахаар байгаа.

Хэрэв "ДЦС 3"-т эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 МВт, Улаанбаатар хотод дулааны 31 хувь, уур авч буй 47 хэрэглэгч бүгд цахилгаан, уур, дулаангүй болно гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Иймээс эрсдэлийг үүсгэхгүйн тулд өвлийн бэлтгэлээ хангаж байна.

220 тонн уур үйлдвэрлэдэг зуухаа 13.6 тэрбум төгрөгөөр засах нормтой ч 5.9 тэрбум төгрөгөөр засаж байна. Бидэнд олдож буй хөрөнгө нь л тэр. Ингэж хэсэгчилсэн засвар хийгээд өвлийн ачаалалд оролцож байгаа нь найдвартай байдал алдагдах эрсдэлтэй гэдгийг илэрхийлж байна" хэмээн өчигдөр болсон станцын нөхцөл байдлыг танилцуулах үйл ажиллагааны үеэр хэлж байв. 

"Сэлбэг хэрэгслийн олдоц ховор, бараг л үйлдвэрлэгдэхээ больсон"

1968 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны зуух нь ашиглалтад орсноор "ДЦС 3" ТӨХК нийслэл хотын айл өрх, албан байгууллагад дулааны эрчим хүчээ түгээж эхэлжээ.

56 жилийн настай, 1,100 ажилтантай уг станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг хангадаг.

Тоног төхөөрөмжүүдийнх нь ашиглалтын норм хэтэрсэн ч ажилтнуудынхаа ур чадвар, хөдөлмөрийн үр дүнд нийслэлчүүдийг хөлдөөчихгүйн тулд зүтгэсээр байна.

Станцын үйл ажиллагаатай танилцахдаа хамгийн түрүүнд Түлш дамжуулах цехийн хэсэгт очив. Нийтдээ 170-180 мянган тонн нүүрс хүлээн авах чадалтай талбай станцын зүүн урд хэсэгт бий. Түүнээс вагон хөмрөгчөөр нүүрсээ буулгаж, газар доорх туузан дамжуургаар нүүрсээ зөөн, 25 мм-ийн хэмжээтэй болтол бутална. Дараа нь үйлдвэр рүү дамжуулна. Үйлдвэрт зуухууд руу хуваарилан, харгалзах тээрэмд бараг л гурил шиг хэмжээний болгож тээрэмдэн бутална. Бутлагдсан нунтаг нүүрсийг шингэн түлшээр асаагаад халуун агаартай галын хотолд оруулна. Энд 1,200 градус хүртэл дулаан үүсгэж, турбин доторх усыг халааснаар цахилгаан, дулаан үүсгэж түгээнэ. Ингэж биднийг дулаанаар хангадаг байх нь.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"ДЦС 3"-ын Түлш дамжуулах цехийн дарга Б.Түвшинсайхан "Манайх зөвхөн Багануурын уурхайгаас хоногт 80 вагон буюу 4,800 тонн нүүрс авдаг. Одоогийн байдлаар 95 мянган тонн нүүрсний нөөц бий. Энэ нь 15 хоногийн нөөц гэсэн үг. Өвөлдөө хоногт 100 вагон нүүрс хэрэглэдэг. 

Манай цех хоёр хөмрөгчтэй. 1978 онд ашиглалтад орсон. Анх 125 тонн вагон хөмрөх хүчин чадалтай байсан бол одоо хамгийн ихдээ 75 тонн вагоныг 175 градусаар хөмөрдөг. Хөмөрсний дараа нүүрсийг доор байрлах 14 туузан дамжуургаар цех рүү зөөнө. 

Засвар үйлчилгээний хөрөнгө мөнгө маш бага тавигддаг. Түлш дамжуулах цехэд 92 тоноглол бий. Ашиглалтын жилээс шалтгаалан засварт жилд 300-400 сая төгрөг тавьж өгдөг ч 92 тоноглолд хуваахаар харьцангуй бага дүн болно. Санасан хэмжээндээ засвар хийхэд саадтай. Насжилт өндөр, шинэ технологи нэвтрээгүй тул хүмүүсийнхээ чадвараар л үйл ажиллагаагаа явуулж байна. Сэлбэгийн олдоц маш хомс. Бараг л үйлдвэрлэгдэхээ больчхоод байгаа.

Тоосжилт өндөртэй, хүний эрүүл мэндэд хортой нөхцөл учраас өдөр тутамдаа нэг удаагийн амны хаалт ашиглаж байна" хэмээж байв.

Ажиллах цаг нь дууссан, гэхдээ...

Дунд даралтын зуухан цех 1968-1971 онд ашиглалтад оржээ. Харин өндөр даралтын зуухан цех нь 1976-1980 оны үед станцын дөрөв дэх шатны өргөтгөлөөр баригджээ.

"ДЦС 3"-ын Засвар хяналтын албаны дарга Ц.Батмагнай "Бидэнд тулгамдаж буй гол асуудал нь үндсэн тоноглолуудын металлын насжилт. Бүх зүйл өөрийн гэсэн настай байдаг шиг ажиллах параметр, температур, даралтаас хамааран металлын нас гэж бий.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өндөр даралт, температурт ажилладаг металлуудыг хром, молибден зэрэг элементээр чанаржуулдаг бөгөөд ажиллах тодорхой хугацаатай байдаг. Учир нь чанаржуулж байдаг элементүүд нь өөрсдөө бүтцийнхээ хувьд задарч, металл нь өндөр даралтыг дааж чадахаа болино. Станцын насжилт дуусаж байна гэдэг нь доторх жигд тарсан бүтэц задарч, аюултай нөхцөл байдал үүссэн гэсэн үг. 

Станц найдвартай ажиллахын тулд бэлтгэл тоноглол байх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар нийт 13 зуух, есөн турбинтай ч улсын байцаагч нэг турбины ажиллагааг хориглож, зогсоосноор найм нь ажиллаж байгаа" гэв.

Зах зээлийн ханшаар турбин шинээр авахад 30 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. 

Мөн өндөр болон дунд даралтын зуухны цехийн бүх турбины ажиллах ёстой үйлдвэрийн цаг буюу 220,000 цаг нь дуусжээ. Түүнчлэн дунд даралтын цехийн зургаан зуух тус бүр 250,000 цаг ажиллах заалттай ч хоёрынх нь хувьд энэ хугацаа 4-9 хувиар хэтрээд байна.

Шинэ үнсний савтай болохын тулд 2025 оноос бэлдэх шаардлагатай

"ДЦС 3"-т тулгарч буй бас нэг томоохон асуудал нь үнсний сав. 2001 онд ашиглалтад шинээр авсан 800,000 м.куб-ын багтаамжтай үнсний савных нь 60 хувь нь дүүрсэн байгааг станцын ерөнхий инженер Н.Чимэддорж танилцуулж байв.

Тэрбээр "Үнсний сав байхгүй бол үнсээ хаях боломжгүй болж, зуух ажиллахгүй, станц зогсоход хүрнэ. 2027 онд шинэ үнсний сав ашиглалтад оруулахгүй бол станц үйл ажиллагаа доголдоно.

Үнсний сав хийхэд дунджаар хоёр жил шаардагдах бөгөөд 40.7 тэрбум төгрөг шаардлагатай. Сүүлийн хоёр жил улсын төсөвт суулгахаар саналаа өгсөн ч батлагдаагүй байгаа" гэж байв. Шинэ үнсний савтай болохын тулд 2025 оноос бэлдэх шаардлагатай юм. Үгүй бол станцын үйл ажиллагаа доголдох том эрсдэл үүсэх нь.

Жилд дунджаар 150-170 хүн ажлаасаа гардаг...

Өндөр насны тэтгэвэрт гарах, илүү таатай нөхцөл санал болгосон уул уурхай компаниудад ажилд орох, гадаад улсыг зорих зэрэг шалтгаанаар жилд дунджаар 150-170 хүн "ДЦС 3"-ыг орхидог байна. 

Ажлын байр зарладаг ч заримдаа хүн ирдэггүй, ирсэн нь хэдхэн сар ажиллаад цалин бага, ажиллах нөхцөл хүнд гээд ажлаас гарах хүсэлтээ өгдөг аж. Өнөөдрийн байдлаар нарийн мэргэжлийн 29 ажилтан уг станцад дутагдаж байна. 

Тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдэхийн тулд 

  • Техник технологийн шинэчлэлтийг хийх
  • Мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж, сул орон тоонд ажиллуулах
  • Дулааны эрчим хүчийг өөрийн өртөгт нь хүргэх
  • Тоног төхөөрөмжөө шинэчилж, цалин нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа "ДЦС 3"-ын ерөнхий инженер мэдэгдсэн юм.


Засгийн газраас олон сайхан хөтөлбөр, мега гэх төслүүд танилцуулж, одоо л бид жинхэнэ хөгжлийн гараан дээр ирээд байна хэмээн зарлацгааж байна. Төсөвлөж буй мөнгө, зарцуулж буй дүнг харахад манай улс үнэхээр л баян мэт санагдана. Гэтэл улсын хүн амын талаас илүүгийнх нь дулаан, ая тухтай, гэрэл цахилгаантай амьдрах нөхцөлтэй шууд холбогдож буй цахилгаан станцуудыг засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудалд яагаад ингэж хойрго, харамч хандав гэж бодогдоно. Үнсний савны асуудлаа хоёр жил дараалан улсын төсөвт тусгуулахаар хандсан ч үгүй гэх хариулт авсныг гэдгийг сонсоод үнэхээр эгдүүцэл төрж байлаа. 

Мега төслүүд хэрэгжүүлэхэд, метротой болоход хамгийн хэрэгтэй зүйл нь эрчим хүч. Бүх зүйлийг цахилгаанаар шийддэг болсон энэ үед станцуудаа шинэчлэхэд гол анхаарлаа тавих хэрэгтэй баймаар. Тарифын өөрчлөлтийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой. Гэхдээ хэрэглээнээс хамааруулан шаталсан тарифтай болгохоор төлөвлөж байгаагаа холбогдох албанаас мэдэгдэж буй тул цахилгаанаа ухаалгаар хэрэглэвэл нийт хэрэглээний зардалд эзлэх дүн хэт өөрчлөгдөхгүй болов уу. Мөн эрчим хүчний тарифын өөрчлөлтийг далимдуулж, үнийн хөөрөгдөл үүсгэх худалдаачин цөөн байгаасай гэсэн бодолтойгоор "ДЦС 3"-аас гарлаа.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг