Уншиж байна ...
Зураг
Зураг

NASA-гийн хөлөг наранд хамгийн их ойртсон дээд амжилтыг тогтоох нислэгээ гүйцэтгэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 16 минут
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн Parker Solar Probe (PSB) хөлөг өчигдөр наранд хамгийн их ойртсон дээд амжилтыг тогтоох нислэгээ гүйцэтгэжээ.

Улаанбаатарын цагаар өчигдөр 19:53 цагт уг хөлөг наранд хамгийн ойр нисэж өнгөрсөн байх ёстой юм.

Ингэж хэлсний учир нь түүний байршлаас шалтгаалаад Баасан гараг хүртэл дэлхийгээс холбоо тогтоох боломжгүй юм байна.

Холбоо тогтоосны дараа уг нислэг хэрэгжсэнийг батлах мэдээлэл PSB хөлгөөс ирэх юм.

PSB хөлөг 2018 оны наймдугаар сард нарыг долоон жилийн турш судлах төлөвлөгөөтэйгөөр дэлхийгээс хөөрч байв. Зорилго нь наран дээр болдог үзэгдлүүдийн нууцыг тайлж, дэлхийн цаг уурт үзүүлэх нөлөөг нь урьдчилан тооцоолж чаддаг болох юм.

Хэрвээ нар, дэлхий хоёрын хоорондох зайг Америк хөлбөмбөгийн талбайтай зүйрлэвэл PSB хөлөг өчигдөр нарны хязгаар “perihelion” тойрог замд нэг метр ойртсон гэсэн үг. “Perihelion” нь (грек хэлээр peri-орчим, helios-нар гэсэн утгатай) нарыг тойрон эргэлдэж буй аливаа биетийн ойртож болох хамгийн доод тойрог зам юм.

“Энэ бол манай орчлон ертөнцийн нууцыг тайлахын тулд урьд өмнө хэний ч хийж байгаагүй зүйлийг NASA хийсэн гэсэн үг юм. Бид ойрын өдрүүдэд хөлгөөс ирэх шинжлэх ухааны мэдээллүүдийг тэсэн ядан хүлээж байна” гэж PSB хөлгийн багийн судлаач Арик Познер хэлжээ.

PSB хөлгийн гадна бүрхүүлийн халалтыг тэсвэрлэх чадвар маш өндөр бөгөөд дотор нь байгаа тоног төхөөрөмжүүд Цельсийн 29 хэмд буюу бараг тасалгааны хэмд ажиллаж байхаар бүтээгдсэн гэнэ.

Бас өчигдрийн нислэгийн үеэр 690,000 км/цаг хурдалсан нь АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Японы нийслэл Токио хүртэл замыг минут хүрэхгүй хугацаанд туулах хурд юм.

“Хүний гараар бүтээгдсэн ямар ч биет ямар нэг одонд ингэж ойртож байгаагүй тул PSB хөлөг үнэхээр хэний ч харж байгаагүй мэдээллийг бидэнд илгээх болно” гэж Мэрилэнд мужийн Лорел хот дахь Жон Хопкинсийн нэрэмжит Хэрэглээний Физикийн Лабораторийн менежэр Ник Пинкин хэлжээ.

PSB хөлгөөс ирэх мэдээлэл нь нарны соронзон шуурга яаж үүсдэг, нарны гадна хүрээ буюу титэм яагаад гадаргаасаа илүү халуун байдаг, сансар огторгуй даяар нарны титмээс плазмын урсгал хэрхэн цацагддаг зэрэг олон нууцыг тайлахад хэрэг болох юм.

PSB хөлөг түүхэн дээд амжилт тогтоох гурван удаагийн нислэг төлөвлөөд байгаагийн эхнийх нь энэ ажээ. Хоёр ба гурав дахь нислэг нь 2025 оны гуравдугаар сарын 22, 2025 оны зургаадугаар сарын 19-нд тус тус төлөвлөгдсөн байна.

 

Эх сурвалж: AFP