Уншиж байна ...
Зураг
Зураг

Ч.Уртнасан: Хүүхдэд амнаасаа хоол өгөх нь менингококкт халдварын нян, бусад вирус дамжуулах эрсдэлт хүчин зүйл

П.Сайнжаргал, IKON.MN
Өнөөдөр 8 цаг 27 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд 2024 он гарсаар менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 

Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэлзүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч, хурдацтай үгдрэн даамжирдаг гэдгийг Хүүхдийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Ш.Энхтөр сэрэмжлүүлж байна. 

Томуугийн дэгдэлттэй зэрэгцэн өвөл, хаврын улиралд менингококкт халдвар нэмэгдэх зүй тогтол ажиглагддаг тул анхаарах шаардлагатайг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн эмч Ч.Уртнасан хэллээ. 

Менингококкт халдварын нөхцөл байдлын талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулснаа хүргэж байна. 


Өнгөрсөн онд улсын хэмжээнд менингококкт халдварын зургаан тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барсан. 

Нийт өвчлөлийн 80-85 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Тэр дундаа 90 орчим хувь нь хоёр хүртэлх насныханд халдварлаж байна. 

Улирлын хоёроос дөрөвдүгээр сар хүртэл халдварын тархалт өндөр бүртгэгддэг.

Хүүхдийн нас баралтын бараг 60-70 хувь нь эрүүл мэндийн байгууллагад оройтож хандсантай холбоотой байдаг.

Ялангуяа томуугийн дэгдэлтийн энэ үед менингококкт халдварыг ханиад томуутай андуурах магадлал бий. 

Менингококкт халдварын үед илрэх өвөрмөц шинж тэмдэг: 

Хүүхэд 38-40 хэм хүртэл өндөр халуурна. Халууны эмд 20-30 минут буугаад эргээд маш өндөр халуурдаг зүй тогтолтой.

  • Толгой маш хүчтэй өвддөг. 
  • Гэрэлд мэдрэг болно. 
  • Дуунд цочимтгой болдог. 
  • Биеийн доод хэсгээс эхэлж тууралт гарна. 

Халуурснаас хойш 6-8 цагийн дараа тууралт гарч эхэлдэг. Хэрэв 12-16 цаг өнгөрвөл бүтэн биеэр маш хурдтай тууралт гарч, хүндрэх, эндэх эрсдэлтэй. 

Тууралт доод мөчдөөс эхлэн гардаг учир эцэг, эхчүүд төдийлөн анзаардаггүй. Улмаар ил харагдах хүзүү, гарын хэсгээр гарч эхлэхэд нь анзаарах хандлагатай байдаг. 

Биеийн дээд хэсгээр мэдэгдэхүйц тууралт нэмэгдсэн бол ХҮНДРЭЛ-ийг илтгэнэ. 

Эхлээд жижиг улаан тууралт гарч, цусархаг тууралт болж, улмаар үхэжсэн тууралт руу шилждэг. 

Халуун буухгүй байх, биеэр тууралт гарах, маш хүчтэй толгой өвдөх, гэрэлд хэт мэдрэг болох, дуунд цочимтгой, царай нь цонхийж цайх, хүүхэд улам унтаа байдалд орвол эрүүл мэндийн байгууллагад нэн яаралтай хандахыг зөвлөе. 

зураг
 
Эх сурвалж: ХӨСҮТ

Менингококкт халдвар нь нянгаар үүсгэгддэг өвчин. Мөн вирусийн шалтгаант менингит байдаг. 

Менингококкт халдварын эх уурхай нь:

  • Тухайн халдвараар өвчилсөн хүн
  • Эмнэл зүйн шинж тэмдэггүй мөртлөө халдвар авсан хүн
  • Нян тээгч нар болно. 

Манайд бүртгэгдэж байгаа хүмүүсийн дийлэнх эх уурхай нь эрүүл нян тээгчид байх магадлалтай байдаг.

Жишээлбэл зарим насанд хүрсэн иргэдийн хамар, залгиурт энэ төрлийн нян байдаг. 

Хоолой нь байнга өвддөг, хоолойд нь юм тороод байна гэсэн зовуурьтай иргэдийг үзэхэд менингококкт халдварын нян тодорхойлогдох тохиолдол байдаг. 

Том хүнд өвчин үүсгэхгүй эрүүл нян тээгч байдаг. Гэхдээ нянгаа гадагш ялгаруулж байдаг. Өөрөөр хэлбэл нялх хүүхдэд өвчин үүсгэх гол шалтгаан, хүчин зүйл болно гэсэн үг. 

Урьдчилан сэргийлэхдээ хамгийн түрүүнд хоолой үрэвсэлтэй байвал эрүүлжүүлж, эмчлэх зөвлөмжийг өгч байна. 

Менингококкт халдварыг үүсгэж буй нянгийн үржих таатай орчин нь хамар, залгиурын орчин байдаг. 

Бусдад халдвар тараахгүйн тулд амны хаалт зүүхээс илүүтэйгээр сода, давсны уусмал болон бусад уусмалаар хоолой, амаа зайлж санаци хийх болно.

Гэхдээ байнга нэг уусмалаар ам, хамраа зайлах үед дасал болох магадлалтай. Иймд 10, 14 хоногийн зайтай уусмалуудаа солих зааварчилгаа өгдөг.

Хоолой нь байнга өвддөг хүмүүс өөрсдийгөө анхаарч эмчлэн эрүүлжүүлэх шаардлагатай.

Мөн нялх хүүхдэд амнаасаа хоол өгөх нь олон төрлийн сөрөг нөлөөллийг бий болгоно. 

Ингэснээр томчуудын амны хөндийд байгаа бүх нян, вирус тухайн хүүхдэд очиж байна гэсэн үг. Харамсалтай нь тухайн хүүхдэд томчууд шиг нян, вирустэй тэмцэх дархлааны систем бүрэн хөгжөөгүй учраас шууд өвчин үүсгэх хүчин зүйл болдог. 

Тиймээс амнаас ам дамжуулахгүй байх хэрэгтэй. Мөн хэрэглэж байгаа аяга, таваг, халбага нь тус тусдаа байх хэрэгтэй. Наад захын эрүүл ахуйг сахих нь зүйтэй. 

Энэ өвчнөөр ойрхон байгаа "халуун ам бүл" илүү өвчлөх эрсдэлтэй.