Уншиж байна ...
Зураг
Зураг

Трамп үндэсний аюулгүй байдлын үүднээс Гринланд арлыг худалдаж авах сонирхолтой байгаагаа дахин илэрхийллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 16 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп өчигдөр Дани улсаас Гринланд арлыг худалдаж авах сонирхолтой байгаагаа дахин илэрхийлжээ.

Тэрбээр өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2019 онд анх ийм санал гаргасан ч Дани улсын засгийн газар огт хүлээж аваагүй юм.

Дэлхийн хамгийн том аралд тооцогддог Гринланд нь сүүлийн 600 гаруй жилийн турш Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршсоор иржээ.

Трампын хоёр дахь удаагаа илэрхийлсэн санааг Дани улсын эрх баригчид дахин няцаасан байна.

“Гринланд бол манайх. Бид уг арлыг зарахгүй, ер нь хэзээ ч зарахгүй. Бид эрх чөлөөний төлөөх урт удаан тэмцэлдээ ялагдах ёсгүй” гэж Гринланд арлын автономит засаг захиргааны тэргүүн Муте Эгедэ мэдэгджээ.

Ням гарагт Трамп сошиал хуудсандаа “Үндэсний аюулгүй байдал болон дэлхий дахины эрх чөлөөний үүднээс АНУ нь Гринланд арлыг эзэмших, хянах зайлшгүй шаардлагатай гэж би үзэж байна” гэж бичсэн юм.

Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа ажиллаж эхэлнэ.

зураг
 

Гринланд арал одоо ч АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй байдаг бөгөөд тус арал дээр тус улсын цэргийн бааз, радарын систем оршдог.

Украины дайн Гринланд арлын үнэ цэнийг улам өсгөж байгаа. Умард туйл болон Атлантын далайн хойд хэсгийн дунд оршдог Гринланд арлын газар зүйн байрлал АНУ, НАТО-гийн хувь стратегийн чухал ач холбогдолтой.

Трамп дээрх мэдэгдлийнхээ өмнөхөн Данийн Хаант улсад суух АНУ-ын элчин сайдаар PayPal компанийн үүсгэн байгуулагчдын нэг Кэн Ховерийг томилж байгаагаа зарласан юм.

Ховери 2019-2021 онуудад буюу Трампын өмнөх засаг захиргааны үед Швед улсад элчин сайдаар ажиллаж байжээ.

Тэрбээр Гринланд арлын талаар Трампын мэдэгдлийн хариуд АНУ, Дани, Гринландын харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахаа Х хуудсаараа амласан байна.

Трампыг 2019 онд эхний удаа ийм санал гаргахад Данийн ерөнхий сайд Метте Фредериксен эрс няцааж байсан юм. Тэр одоо ч Дани улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаа.

2009 оноос хойш Гринланд арал Дани улсын харьяаллаас гарч, тусгаар тогтнолоо зарлах хууль ёсны эрхтэй болсон юм.

Гэхдээ жил бүр Копенхагенаас их хэмжээний төсөв авдаг цас мөсөөр хучигдсан Гринланд арлын 56,000 оршин суугч одоо болтол ийм санаачилга гаргаагүй байна.

Арваннэгдүгээр сард болсон сонгуульд ялсан Трамп сүүлийн өдрүүдэд газар нутгаа тэлэх санааг идэвхтэй илэрхийлдэг болоод байгаа.

Гринланд арлыг авах талаар мэдэгдэхээсээ хэдхэн цагийн өмнө тэр Панамын сувгийг хяналтдаа авахаар сүрдүүлж байв.

Бас өнгөрсөн сарын сүүлчээс хойш тэр хойд хөрш Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох санаагаа дахин дахин илэрхийлсэн нь анхаарал татаж байна.

 

Эх сурвалж: Reuters