Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ханиад томуугийн дэгдэлттэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд 50 дугаар долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн түвшинд байна.
Улаанбаатарт өнгөрсөн долоо хоногт 106,000 амбулаторийн үзлэг хийснээс есөн хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлжээ.
Түргэн тусламжийн 14,000 орчим дуудлага өнгөрсөн долоо хоногт ирсэн. Үүнээс томуу, томуу төст өвчний эзлэх хувь нь 21.6 буюу өнгөрсөн долоо хоногийнхоос нэмэгдсэн.
Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчтэй холбоотой 18 байгууллагад 2,730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 18-наас Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн.
Тодруулбал
Үүнтэй холбогдуулан нийслэлийн 18 эрүүл мэндийн байгууллагын Хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлдэг хүүхдийн тоо өмнөх долоо хоногоос 600 орчмоор буурсан. Энэ нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулсантай холбоотой" гэж хэллээ.
Үргэлжлүүлэн "Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны хоёроос дээш насны хүүхдүүдийн тусламж үйлчилгээг Сэлбэ нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн.
Ингэснээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж байгаа гэсэн үг.
Түүнчлэн өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбарын эмнэлэгт таваас дээш насны хүүхдүүдэд томуугийн тусламж үзүүлэхээр 50 ор нэмэлтээр дэлгэж байна. Үүнд Баянхошуу орчмын найман хорооны тусламж үйлчилгээг шилжүүлж байгаа юм.
Цаашдаа Баянхошуугийн эмнэлэгт жилийн дөрвөн улиралд хүүхдийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ. Томуу, томуу төст өвчин дэгдсэн энэ үед нэмэлтээр ор дэлгэж, байнгын зохион байгуулалтад шилжин ажиллаж байгаа.
Мөн Хан-Уулын хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх 50 орыг нийслэлийн харьяа Хан Туул хүүхдийн сэргээн засах төвд энэ долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн дэлгэхээр бэлтгэж байна.
Эхний ээлжид Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвд очиж, эрэмбэлэн ангиллын дагуу шаардлагатай хүүхдүүдэд эмчийн бичгээр Хан Туул хүүхдийн сэргээн засах төвд хэвтэн эмчлүүлэхээр зохицуулж байна" гэдгийг НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!