2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд Улаанбаатар хотыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Уг ажлын хүрээнд Баасан, Бямба, Ням гарагт цагдаагийн 28 анги, төрийн байгууллагын гээд нийт 6,061 алба хаагч шахмал түлш хэрэглэж байгаа айл өрх, албан байгууллагуудад шалгалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.
Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар "Гэр хорооллын 47,462 айл өрх, 1,437 ААН байгууллага, шахмал түлш борлуулах 235 цэг, иргэн, хуулийн этгээдийн харуул манааны 385 байр, 77 ТҮЦ, таван цэргийн ангийн уурын зуух, 488 нийтийн байр, 157 авто засвар, шинээр баригдсан 14 сургууль, цэцэрлэгийн байр, дугуй засварын 135 газар зэрэг нийт 2,933 хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгалаа.
Улаанбаатар хотод 105 хорооны 199,000 айл өрх шахмал нүүрс түлдэг байгаа. Шалгалтад 47,462 айл өрх буюу 24% нь хамрагдсан бөгөөд орсон айл болгонд зөвлөгөө өгсөн юм.
Энэ үеэр түүхий нүүрс хадгалсан, түлсэн, хориглосон шатах материал буюу тос, ажилласан масло түлсэн, шахмал түлшийг Улаанбаатар хотоос гаргахыг оролдсон зөрчлийг илрүүлээд ажиллаж байна.
ТЦА-ны шугамаар нийт 1,192 зөрчил илрүүлж, 480 зөрчилд 23.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Тээврийн хэрэгслээ улсын үзлэгт оруулаагүй, агаарын бохирдлын татвар төлөөгүй, утаа ихтэй, нүүрсэн яндангүй зөрчлүүдийг илрүүлж, харьяалах мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгч байна" гэж өнөөдөр мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!