Уншиж байна ...
Зураг
Зураг

"Цагаан хаалга хотхоны захиалагчид өөрсдийн хөрөнгөөр байраа барьж байтал барьж чадахгүй гээд хүлээлгэж өгсөн захирал нь буцаагаад авчихлаа"

М.Батчимэг, ikon.mn
3 цаг 56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Цагаан хаалга" хотхоны 500 өрхийн 4,000-5,000 иргэнийг "Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Даваасүрэнгийн Зоригтбаатар захиалсан байранд нь оруулалгүй долоо дахь жилдээ хохироож байгаа тухай хохирогчид өнөөдөр мэдээлэл өглөө. 

Захиалагчдын мэдээлснээр "Бүрэн-Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар нь 2023 оны тавдугаар сард өөрийн биеэр санхүүгийн чадамж байхгүй учир байраа барьж чадахгүй гэдгээ илэрхийлж захиалагчдын төлөөлөл н.Бямбасүрэнг байрны ордер гартал "Бүрэн -Өргөө" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулна гэсэн гэрээтэйгээр компанийнхаа гүйцэтгэх захирлаар томилжээ. 

Улмаар захиалагчид 40-50 хувийн гүйцэтгэлтэй гацсан байсан байраа 20 сарын турш өөрсдийн хөрөнгөөр буюу таван тэрбум төгрөгөөр 85 хувьтай болтол нь үргэлжлүүлэн барьж байсан ч 2024 оны 11 дүгээр сарын 29-нд Д.Зоригтбаатар захиалагчдын төлөөлөл н.Бямбасүрэнг халж буцаад өөрөө гүйцэтгэх захирал болж тамга тэмдгээ авсан байна.

Захиалагч нар Д.Зоригтбаатартай уулзаж энэ талаар тодруулахад тэрбээр "мкв бүрдээ 900,000 төгрөг нэмж энэ төслөөс өрөө дарж байж гарна" гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Гэтэл захиалагчид байрныхаа мөнгийг 100 хувь төлчихсөн. Дээр нь байрандаа орохын тулд барилгынхаа ажилд нэг айлаас 15 сая төгрөг төвлөрүүлж барилгадаа хөрөнгө оруулчхаад байгаа тул "Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатарын уг шаардлагыг эсэргүүцэж байгаа аж.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Захиалагчид байраа өөрсдөө бүрэн барих чадвартай" 

"Нисэх Цагаан хаалга цогцолбор" Гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн В.Хоролмаа тэргүүтэй захиалагчид "Иргэд байрандаа 100 хувь төлбөрөө төлчхөөд байхад 40-50 хувьтай барилгыг хүлээж авсан.

Энэ хүн анхнаасаа байраа барьж чадаагүй байтал бид одоо хэнд итгэж, хэдэн жил хаагуур амьдрах юм бэ? Захиалагчид өөрсдөө байраа бариад амжилттай явж байхад энэ хүнд яагаад тамга тэмдгийг нь буцаагаад өгчхөж байгаа юм бэ? Бид дээвэргүй, шалгүй, цонхгүй, тагтгүй, дулаан, цэвэр бохиргүй байсан байрыг шалтай, цонхтой, тагттай болгож дулаан, бохир цэврээ өөрсдөө холбоод бүгдийг нь өөрсдөө хийж болсон юм. 

Иргэд өөрсдөө хамгийн хямд аргаар яаж байрандаа орохоо ярилцаад байраа 85 хувьтай болгочихсон. Үлдсэн 15 хувиа захиалагчид өөрсдөө бүрэн барих чадвартай учир бид барилгаа өөрсдөө барих хүсэлтэй байна. Төр, Нийслэлийн удирдлагууд, хууль, цагдаагийнхан анхаарлаа хандуулаад өгөөч ээ. 4,000-5,000 иргэн хохирчхоод байна шүү дээ" гэв.