Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Батбаяр: Томуугаас шалтгаалан насанд хүрэгчдэд зүрхний шигдээс, тархины харвалт үүсэх эрсдэлтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ханиад томуугийн дэгдэлтийн талаарх цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр томуу, томуу төст өвчний тандалтын мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр дараах байдлаар хүргэв. 



Тэрбээр хэлэхдээ "Томуу, томуу төст өвчнийг ялгаж хэлээд байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

  • Томуу нь хүнд хэлбэрээр явагддаг бөгөөд амь насанд илүү аюул учруулдаг вирусүүд тархдаг. Үүнд томуугийн А, B дэд хэв шинжүүд багтана. 
  • Томуу төст өвчний үед хамраас нус гоожих, халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрдэг.

Харин томуугийн үед эдгээр шинж тэмдэг бараг илрэхгүй, толгой, үе мөч, цээж, булчин өвдөх, халуурах, богино хугацаанд хүндрэх шинж тэмдэгтэй.

Томуугийн вирус нь бидний сайн мэддэгчлэн КОВИД-ын вирустэй адил. Өөрөөр хэлбэл хүний дархлааны хариу урвалаас зайлсхийж чаддаг. Тийм учраас томуутай холбоотойгоор богино хугацаанд хүндрэл үүсдэг" гэлээ. 

"Чихрийн шижинтэй жирэмсэн эмэгтэйчүүд анхаарах шаардлагатай"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төв, өрх болон сэхээний тасгуудад хийж байгаа тандалтаас үзэхэд хүндрэл үүсгэж байгаа томуугийн вирус нийт вирусийн 30-35 хувийг эзэлж байна.

Энэ долоо хоногт бараг 50 хүртэлх хувь руу орох болов уу. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногийн сүүлээр гадуур тархаж байгаа вирусүүдийн 50 хувь нь томуу болж илүү хүндрэх магадлалтай. 

Саяхныг хүртэл 15-аас доош насны хүүхдүүд нийт өвчтөний 80 хувийг эзэлж байсан. Харин одоо насанд хүрэгчид томуу, томуу төст өвчинд өртөх эрсдэл өссөн.  

Насанд хүрэгчид дотор

  • жирэмсэн эхчүүд
  • 65-аас дээш насны дархлааны асуудалтай ахмадууд
  • Сахартай, ажлын ачаалалтай, шим тэжээлийн дутагдалтай насанд хүрсэн бүх хүмүүст эрсдэл үүсэж байна.

Дархлааны хариу урвал насжилттай холбоотойгоор суларсан байдаг. 

Хатгаанаас гадна томуугаас шалтгаалан насанд хүрэгчдэд зүрхний шигдээс, тархины харвалт үүсэх эрсдэлтэй. Мөн томуугаас шалтгаалан хавсарсан өвчин буюу бөөр, зүрхний өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндэрдэг. 

Чихрийн шижинтэй жирэмсэн эмэгтэйчүүд анхаарах шаардлагатай.

Эрүүл Мэндийн Яамнаас 400,000 хүн тун тамифлю (Tamiflu) эмийг худалдан авч аймаг, дүүргүүдэд хуваарилсан. Нэмэлтээр томуугийн вакцинд хамрагдах боломж нээлттэй.

Хөхрөх, таталт өгөх, шээхгүй байх, ам хуурайшсан, шингэн уухгүй байх, нулимс гарахгүй болох, булчингаар өвдөх, хавирга өрц нь татагдаж, амьсгалын дутагдалд орж байгаа нь хүндэрсний шинж. Тиймээс богино хугацаанд эмчид үзүүлж, харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах шаардлагатай байна" гэсэн юм.